Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

2019/01/04
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр өргөн барив.

Энэхүү хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд Улсын Их Хурлын гишүүдийн олонхи Улсын Их Хурлын даргыг огцруулах тухай саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх асуудлыг тусгасан бол 2 дугаар зүйлд дагаж мөрдөх хугацааг заасан болно.

Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын үйл ажиллагаа гацаанаас гарах, хүлээгдэж буй нийгэм, эдийн засгийн асуудлууд шийдвэрлэгдэх, хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно гэж хууль санаачлагч үзэж байна.

Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой төр, хувийн хэвшлийн аливаа байгууллага, хуулийн этгээд, хувь хүнтэй холбоотой нэмэлт зардал гарахгүй юм.

Дээрх хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлэхээр хандсан боловч “…хуулийн төслийн бүрдүүлбэр дутуу, дагалдах хуулийн төсөлд зардлын тооцоо болон холбогдох бусад судалгааг хийх, хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх шаардлагатай гэх хуульд нийцээгүй шаардлагыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон амаар мэдэгдсэний улмаас энэхүү үйл ажиллагаа зогссон болно.

Хэдийгээр Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт хууль тогтоомжийн төсөл боловсруулахад Засгийн газраас баталсан “хууль тогтоомжийн хэрэгцээ,  шаардлагыг  урьдчилан  тандан  судлах,  хууль  тогтоомжийн  төслийн  үр нөлөөг үнэлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх” аргачлалуудыг мөрдөх тухай заасан боловч тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “нийт 24 төрлийн хууль тогтоомжийн төсөл боловсруулахад эдгээр аргачлалыг баримтлахгүй байх” тухай маш тодорхой заасан байна.

Тодруулбал, Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.22-т “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай” хууль тогтоомжийн төсөлд Засгийн газраас баталсан дээрх аргачлал хамаарахгүй гэдгийг хоёрдмол утгагүйгээр туйлын тодорхой заасны дагуу өнөөдөр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна