Путин, Абэ нарын хэлэлцээ гурван цаг гаруй үргэлжилжээ
МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар мягмар гарагт хэлэлцээ хийлээ. Гурван цаг гаруй үргэлжилсэн хэлэлцээний дараа хоёр орны удирдагчид хамтарсан хэвлэлийн бага хурал зохион байгуулжээ.
Уулзалт үр бүтээлтэй, ажил хэрэгч уур амьсгалд боллоо гэж Оросын удирдагч мэдэгджээ. Хоёр орны төрийн тэргүүн нар хэлэлцэх асуудлуудыг эерэг байдлаар хэлэлцэж чадсан байна. ОХУ болон Японы эдийн засгийн хамтын ажиллагааны салбарт хүрсэн ололт амжилт байгаа боловч чанарын хувьд одоогоор өөрчлөлт гараагүй байна гэж Путин онцлон тэмдэглэжээ.
Тэрбээр мөн хоёр орны бараа эргэлтийн хэмжээг 1.5 дахин буюу 30 тэрбум хүртэл ам.долларт хүргэж нэмэгдүүлэх боломж байсан гэдгийг нэмж хэлсэн байна. Үүнээс гадна, талууд найрамдлын гэрээ байгуулах асуудалд “багагүй хугацаа” зориулсан байна. Путины мэдэгдсэнээр, Москва болон Токио гэрээ байгуулах сонирхолтой гэдгээ нотолсон бөгөөд одоо чимхлүүр ажил хүлээж байна.
Гэрээний нөхцөл хоёр орны ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн, олон нитийн дэмжлэгийг хүлээсэн байх ёстой гэж ОХУ-ын Ерөнхийлөгч цохон тэмдэглэжээ. Харин Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн мэдэгдсэнээр, хоёр орны удирдагчид Курилын арлуудад аж ахуйн хамтарсан үйл ажиллагаа явуулахад чиглэсэн арга хэмжээг эрчимжүүлэх зааврыг өгсөн байна.
Үүнээс гадна, найрамдлын гэрээ байгуулах асуудлаарх хэлэлцээг хоёрдугаар сард дахин хийх үүргийг хоёр орны Гадаад хэргийн сайд нарт өгсөн байна. Японы Ерөнхий сайдын хэлснээр, уг хэлэлцээг Мюнхенд хийж магадгүй.
Абэ мөн хоёр орны цэргийн байгууллагууд хоорондын харилцааг хөгжүүлэх талаар Путинтай тохиролцсон болохыг мэдээлжээ. Эцэст нь тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч зургадугаар сард Японд айлчлахыг хүлээж байгаа гэдгийг онцлон дурдсан байна.
ОХУ болон Япон хэлэлцээний шинэ шатыг эхлүүлнэ гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков уулзалтын дараа нотолжээ.
Хоёр орон харилцан итгэлцлээ бэхжүүлэх шаардлагатай бөгөөд үүний тулд эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх хэрэгтэй гэж тэрбээр онцлон тэмдэглэв.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна