Петра Квитова, Наоми Осака нар аваргын цомын төлөө хүч үзнэ

2019/01/25
Оны анхны их дуулгын эмэгтэйчүүдийн ангиллын аваргын нэр энэ бямба гаригт тодорно. Эмэгтэйчүүдийн ангиллын аваргын төлөө мэргэжилтнүүдийн таамагт төдийлөн байгаагүй 2 теннисчин өрсөлдөхөөр болоод байгаа нь олны анхаарлыг татаж байна. Аваргын төлөө Чехийн Петра Квитова болон Япон теннисчин Наоми Осака нар өрсөлдөхөөр боллоо. Японы залуу теннисчин Наоми Осака дэлхийн чансааны 4-т бичигдэж байгаа бол туршлагатай Петра Квитова чансааны 8-т эрэмбэлэгдэн өрсөлдөж байна. Өнгөрсөн жилийн сүүлийн их дуулгад түрүүлж, маш том сенсаац тарьсан Япон теннисчин Наоми Осака хэсгийн шатанд дундаж өрсөлдөгч нартай учраа таарч, шөвгийн наймд Украйны Элина Свитолина, хагас шигшээд Чехийн Каролина Плишкова нарыг хожиж, цомын төлөө үлдлээ. Наоми Осака, Каролина Плишкова нарын тулаан 3 үед өрнөж, 6-2 4-6 6-4 харьцаагаар Япон теннисчний ялалтаар өндөрлөсөн бөгөөд ийнхүү Наоми Осака 2 дахь их дуулгынхаа шигшээд шалгарлаа.

Тэгвэл нөгөө талд 2011, 2014 оны Уимблдоны аварга Чех бүсгүй Петра Квитова хагас шигшээ тулаанаа Америк теннисчин Даниэла Коллинсийн эсрэг хийлээ. Эхний үед 7-6 харьцаагаар хүнд тулааныг хийсэн ч, 2 дахь үед Чех бүсгүй илт илүүрхэж, 6-0 харьцаагаар өрсөлдөгчөө буулган авсан байна. 28 настай Петра Квитова карьертаа анх удаагаа оны эхний их дуулгын шигшээд шалгарч байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна