Японы сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөл энэ сарын 28-нд Кокүгикан ордонд хуралдаж, өнгөрсөн тэмцээнийг дүгнэлээ. Зөвлөлийн тэргүүн Китамүра Масато энэ өдөр ажлаа хүлээлгэн өгч байгаа бөгөөд зодог тайлсан ёкозүна Кисэносатогийн талаар "Кисэносато өөрөө зодог тайлахаар шийдсэн. Зөв шийдвэр гэж бодож байна. Гэмтэж бэртсэн ч бөхийн хорхойтнуудын төлөө хичээн зүтгэж байлаа. Гайхалтай сайхан аварга байсан" гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.
Мөн "Хакүхо, Какүрюү нар гэмтээд башё ёкозүнагүй болсон нь харамсалтай. Манай зөвлөлийн зарим гишүүн үүнээс цааш Сүмогийн холбооны албан ёсны эмчийн акт бичиг авсан тохиолдолд л тэмцээнээс гарах зөвшөөрөл өгч байя гэсэн санал гарсан. Урьд өдөр нь зүгээр барилдаж байснаа маргааш нь гэмтчихлээ гэсэн нь сэжигтэй гэж хэлэх хүн байна. Барилдаж чадахгүй болтлоо гэмтсэн зүйл харагдаагүй. Гэхдээ энэ хоёр аваргын хүч чадал ихэд буурсан нь мэдэгдэж байна. Цаашдаа гэмтлээ ч эдгээж, аваргын хувиар ажлаа ч хийхийг анхааруулж байна" гэж ярьжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна