67 жилийн дараа уулзсан ээж, хүү хоёр

2019/01/30
“Биднийг салгахад  хүү маань дөрвөн настай байлаа. Би юу хийхээ ч мэдэхгүй байв” хэмээн өдгөө 92 настай Ли Кем Сом ярьжээ. Тэрбээр Солонгосын дайны улмаас хүүгээсээ хагацаж, түүнийг 67 жил хараагүй байна.

“Би хүүтэйгээ дахиад уулзвал “Чи хаана байв аа? Хэнтэй амьдарч байна? Амьдрал нь хэр байна даа?” гэж асуумаар байна. Би энэ өдрийг хэзээ ч ирнэ гэж төсөөлж байсангүй. Хүүгээ амьд мэнд эсэхийг ч мэдэхгүй байсан” хэмээн AFP  агентлагт ярьжээ.

Ли Кем Сом 1951 он буюу Солонгосын дайнаас хойш хүүтэйгээ уулзаагүй байна. Хүү нь Умардад, харин өөрөө Өмнөд Солонгост үлджээ. Тэдний уулзалт гурав хоног үргэлжлэх бөгөөд дахин бие биетэйгээ уулзаж чадах  эсэх нь тодорхойгүй байна.

Дайны улмаас салж хагацсан гэр бүлүүдийг уулзуулах уг ажлыг өнгөрсөн 18 жилийн хугацаанд 20 удаа зохион байгуулжээ.

Ах, эгч нь дүүтэйгээ, эцэг эх нь хүүхэдтэйгээ, нөхөр нь  эхнэртэйгээ уулзсан байна.

Гэр бүлтэйгээ уулзахыг хүссэн Өмнөд Солонгосчуудыг сугалаагаар сонгосон бөгөөд тэдний хамгийн ахмад нь 101 настай аж.

57 мянган хүнээс тус бүр нийт 100 гаруй хүн сонгогдсон ч зарим нь хамаатан садан нь хэдийнэ нас барсан гэдгийг мэдээд уулзалтад оролцоогүй байна.

Энэ удаад тус уулзалтад Умард Солонгосоос 83, Өмнөдөөс 89 хүн оролцож байгаа аж.
Тэд Умардад байрлах жуулчны баазад гурав хоног хамт байх аж.

Солонгосын дайнаас хойш хамгийн багадаа 65 жилийн дараа гэр бүлийнхэнтэйгээ уулзаж байна.  Гурав хоногийн уулзалт тэдний хувьд анхны бөгөөд сүүлийнх байх магадлалтай.

67 настай Чо Хе-до  болон түүний ах 75 настай Чо Дү-жэ нар Умард Солонгост амьдардаг 89 настай эгч Чо Сүн-дотой уулзжээ.  Чо Хе-до  эгчдээ“Би таныг ямар сайхан байсныг санаж байна” гэхэд “Эцсийн эцэст энэ олон жилийн дараа та хоёртойгоо уулзаж чадлаа” хэмээн эгч нь хариулжээ.

72 настай Ким Гён-сил, 71 настай Ким Гён-ён нар 99 настай ээжтэйгээ уулзахаар үндэсний хувцсаараа гоёжээ. Ээж нь Өмнөдөөс хүүхдүүдтэйгээ уулзахаар очсон байна.

Өмнөд Солонгосчууд автобусаар хилийн шугам давж, Кумганг уулан дахь жуулчны бааз руу өчигдөр очжээ. Тэд Умардад суудаг хамаатнууддаа хувцас, эм тан, хоол хүнс зэрэг бэлэг сэлт авч очсон байна.

Тэд Умардад гурав хоног байрлах ч гэр бүл, хамаатан садантайгаа ердөө өдөр бүр 11 цаг л хамт байх эрхтэй аж.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна