БНСУ-ын том боомт хотуудын нэг Пусан ирэх зунаас нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа хүүхдүүдээс төлбөр авахгүй байх шийдвэрийг гаргажээ. Хотын захиргаанаас хийсэн судалгаагаар нийтийн тээврээр 13 хүртэлх насны хүүхдүүд давхардсан тоогоор жилд дунджаар 13 сая гаруй удаа зорчилт хийдэг байна. 13 хүртэлх насны хүүхдүүдийн зорчилт хийсэн тоо нь нийт зорчигчдын 1.5 %-ийг эзэлдэг бөгөөд орлогын дөнгөж 0.8% -ийг бүрдүүлдэг аж.
Тиймээс хотын захиргаанаас энэ оны 6 сараас эхлэн 13 хүртэлх насны хүүхдүүдийг нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэх шийдвэрийг гаргажээ. 5-р сар хүртэл 13 хүртэлх насны хүүхдүүдийн холбогдох бүртгэлийг баталгаажуулах, тусгай карт олгох зэрэг ажлуудыг хийж байгаа юм байна.
Тусгай карт нь 13 хүртэлх насны хүүхдийг гэрчлэх баримт болохоос гадна хүүхдүүдийг ирээдүйд нийтийн тээврээр үйлчлүүлэх соёлыг төлөвшүүлэхэд нэмэртэй юм. Учир нь хүүхэд бүр бага наснаасаа карт дарж хэвшсэнээр нийтийн тээвэрт гарах зөрчил буурна. Иймээс Пусан хотын захиргааг нэг талаар хүүхдүүдийг үнэгүй явуулахаас гадна тэдний нийгмийн боловсролд том хөрөнгө оруулалт хийлээ хэмээн улсаас нь сайшааж байгаа гэнэ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна