Саудын Араб авлигын эсрэг шинэ нэгжтэй боллоо

2019/02/14
Саудын Араб 15 сарын турш зохион байгуулсан авлигын эсрэг кампанит ажлынхаа төгсгөлд улсын мөнгөний зарцуулалтыг хянах шинэ нэгжийг ажиллуулж эхэллээ. Тус Санхүүгийн мэдээллийн нэгж нь Аудитын ерөнхий товчооны бүтцэд багтах аж.

Энэ талаар мэдээлэл хийсэн прокурор Сауд ал-Можеб “Авлига нь аливаа нэг компани, эсвэл төрийн байгууллагаар хязгаарлагдахгүй. Төрийн бүх холбогдох байгууллагууд авлигын хэргийн хянана. Прокурорын байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулна” гэж хэлжээ.

Саудын арабын ханхүү Мохаммед бин Салман 2017 оны 11 дүгээр сард эхэлсэн авлигын эсрэг компанит ажил нь зорьсон зорилгодоо хүрсэн хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.

Хааны шүүхийн мэдэгдсэнээр энэ ажиллагааны дүнд нийт 106 тэрбум долларыг харилцан тохиролцооны дүнд авлигын хэрэгт холбогдсон ханхүү нар, сайдууд болон бизнес эрхлэгч нараас хураан авсан байна. Одоогийн байдлаар шалгагдахаар дуудагдсан 56 хүн ял сонсохоор байгаа бөгөөд мөн 8 хүн хөрөнгийг нь хураах саналыг хүлээн авахгүй байгаа ажээ. 

Хаан Салман цаашид ч засгийн газрын зүгээс авлигатай тэмцэх, улсын мөнгийг хамгаалахад онцгойлон хүчин чармайлт гаргаж ажиллана гэжээ.

Ханхүүгийн энэхүү авлигын эсрэг компанит ажил нь олон улсын зүгээс өөрийнх нь эсрэг хүрээний хүмүүсийг үгүй хийх зорилготой эрх мэдлийн тоглоом хэмээн шүүмжлэгдэж байсан ч Ханхүү Мохаммед өөрийн ажлыг эдийн засгийг сайжруулах зорилготой “цочролын эмчилгээ” хэмээн нэрлэж байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна