Хайрын цоожоороо алдартай 10 улсыг танилцуулъя

2019/03/12

Дэлхий даяар зарим хос өөрсдийнхөө нэрийг бичсэн цоожийг гүүр, төмөр сараалжин хашаа, хаалга зэрэгт түгжин түлхүүрийг нь гол, нуур руу шидэж хайр дурлалынхаа бат бөх байдлыг бэлгэддэг үзэгдэл дэлгэрээд удаж байна.

Хайрын цоож хэдийнээс эхлэв?

Дэлхийн 1-р дайны үед Сербийн Врнячка Баня гэх сувиллын хотод сургуулийн багш Нада цэргийн офицер Релжа хоёр бие биедээ хайртай болж сүй тавьжээ. Удалгүй Релжа Грек улсад болж байсан дайнд тулалдахаар мордож харамсалтай нь тэндээ өөр бүсгүйд дурлажээ. Бүтэлгүй хайрын улмаас Надагийн зүрх нь шархалж ихэд удаан шаналсан байна. Энэ явдлаас хойш тус хотын бүсгүйчүүд  хайраа хамгаалж үлдэхийн тулд өөрсдийнхөө нэрийг хосынхоо нэртэй хамт цоожин дээр бичин Нада Релжа хоёрын болздог байсан Хайрын гүүрний ( Most Ljubavi) бариуланд цоожлон үлдээдэг болсон түүхтэй аж.

2000-аад оноос хойш хосуудын энэ уламжлал европ даяар улам хүчээ аван дэлгэрэх болсон юм. Хосууд цоожин дээр нэрсээ бичихээс гадна бусдынхаас ялгагдахаар янз янзын өнгөөр будаж, төрөл бүрийн наалт наадаг. Хэлбэр дүрс нь ч гэсэн бусдынхаас онцгой байх тусмаа сайн байдаг аж.

Хотын өнгө үзэмжийг бууруулдаг уу?

Сүүлийн жилүүдэд хотын удирдлагууд энэхүү ёс заншлыг улам ихээр буруушааж хотын эзэмшил, түүхийн дурсгалт эд зүйлүүдэд аюул учруулж байна гэж үзэх болсон ба зарим газруудад цоож түгжиж орхих нь хууль бус үйлдэлд тооцогдох болжээ. Харин зарим хотын захиргаа хосуудын цоожнуудад зориулж тусгай байгууламж барьж өгснөөрөө дотоод гадаадын жуулчдыг татах бас нэг зүйлтэй болсон байна.

Тэгвэл Хайрын цоожоороо алдартай 10 газрыг танилцуулж байна.

 

1. Францын нийслэл Парис хот дах явган хүний Pont des Arts гүүр

2008 оноос эхлэн хосууд энэ гүүрний хаалтанд цоожнуудаа  үлдээх болсон байна. Үүнээс хойш тус гүүр гадаад дотоодын дурлалт хосуудын заавал очих газрын нэг болсон ба 2014 онд тус гүүрний нэг хашлага олон зуун цоожнуудыг даалгүй нурснаар Парис хотын захиргаа хэдэн зуун жилийн түүхтэй гүүрээ нураалгүй аврахын тулд цоожнуудыг авч хаях шийдвэрт хүрчээ. 2015 оны зургадуаар сард хотын захиргаа тус гүрнээс 45 тонн орчим жин бүхий 1 сая гаруй цоожийг салгаж хаяжээ.


2. ХБНГУ, Көлн хот дах Hohenzollern гүүр

Рейн мөрөн дээр байрлах 409 м урттай энэхүү гүүр нь галт тэрэг болон явган хүний замтай бөгөөд тус гүүрээр өдөрт 1200 галт тэрэг зорчдог. 2008 оноос эхлэн хосууд өөрсдийн хайраа цоожоо явган хүний замыг галт тэрэгний замаас тусгаарласан хашаанд цоожлох болжээ. Одоогийн байдлаар тус гүүрэн дээрх цоожнууд 2 тонн орчим жинд хүрээд байгаа ажээ. Францын түүхийг давтаж дахин нурахгүй л гэж найдъя.


3. БНСУ, Сөүл хотын N Seoul Tower

Тус хотын удирдлагууд цамхгуудыг тойруулан долоон ширхэг хайрын модыг босгожээ. Тэдгээр нь маш хүнд жинг тэсвэрлэх чадвартай материал болон технологиор хийгдсэн байна. Солонгосын олон ангит кино, цэнгээнт нэвтрүүлгүүдийн ачаар N Seoul Tower дотоодын болон гадаадын жуулчдын заавал очих газруудын нэг болжээ. Цамхгийг тойрон шилэн хашлагатай тул хосууд цоожоо зөвхөн хайрын модондоо л түгжиж үлдээх боломжтой ба түлхүүрээ зориулалтын саванд хаядаг. Зориулалтын саванд хаях нь нэг бодлын байгаль ус, нуураа бохирдуулахгүй нэг зөв арга аж.


4. ОХУ, Москва хот дахь Лужковын гүүр

Оросын нийслэлд байх 1994 онд баригдсан Лужковын гүүр анхнаасаа шинэхэн ч бай дөнгөж гэрлэсэн ч бай хосуудын хамгийн түрүүнд очдог газрын нэг болжээ. Энд хайрын цоожоо үлдээх анхны Хайрын мод 2007 онд сүндэрлэсэн бөгөөд түүнээс хойш гүүрэн дээр болон гүүрийг тойрон 22 Хайрын мод “ ургасан” байна.


5. БНХАУ, Анхуй мужийн Шар уул буюу Huangshan уул

Хятадын хамгийн романтик газар. Далайн түвшнээс 1800 м орших уулын оройд байх төмөр хашлагууд тэр чигээрээ хайрын цоожоор дүүрсэн байдаг ба хятадууд энэ заншил нь эх орноос нь гаралтай гэж үздэг.


6. Серб,  Врнячка Баня хотын Хайрын гүүр

Мэдээж Хайрын цоож уламжлал анх үүссэн газрыг дурдахгүй байхын аргагүй. Хайрын гүүр нь тус хотод байх 15 гүүрний нэг юм.


7. БНЧУ, Прага хотын Мала Страна дүүрэг

Хайрын бэлгэдэл болсон цоожнууд Мала Страна дүүрэгт байх жижигхэн явган хүний гүүрэн дээр хэдэн зуугаараа өлгөөтэй байдаг. Хотын оршин суугчид үүнийг эсэргүүцэж хотын захиргаа цоожнуудыг гүүрнээс салгаж авч байгаа ч хайраа мөнхлөх гэсэн хосуудын хөл тасрахгүй л байна.


8. Итали, Ром хотын Ponte Milvio гүүр

Бидний сайн мэдэх Тэнгэрээс дээш 3 м өндөрт киноны зохиолыг бичсэн италийн зохиолч Федерико Моччиагийн 2006 оны “ I want you” номын гол баатрууд тус гүүрэн дээр хайрын бэлгэдэл болгож унадаг дугуйныхаа цоожийг зүүдэг хэсэг италийн залуучуудыг Ponte Milvio гүүр рүү урин дууджээ. Ингээд зургаан жил шахуу хосуудын хайрын цоожнуудыг цуглуулсан тус газрын бүх түгжээнүүдийг авч хаях шийдвэр 2012 онд гарчээ.


9. АНУ, Нью-Йорк хотын Бруклины гүүр

Бруклины гүүрэн дээр цоож зүүх уламжлал 2010-аад оноос эхэлсэн ч 2013 онд Америкийн тээврийн яамнаас цоожнуудыг салгаж авч хаясан юм. Гүүрэн дээр цоож үлдээх гэж байгаа хос хэрэв баригдвал хуулийн хариуцлага хүлээх нь. Учир нь ингэх нь тус улсын хуульд хориотой байдаг аж. Гэсэн хэдий ч хосуудын хайрын бэлгэдэл болсон цоожнууд гүүрэн дээр нэмэгдсээр л.


10.  Словени, Любляна хотын Mesarski Most

2010 онд нээгдсэн энэхүү гүүрний нэрийг орчуулбал “Махчны гүүр” хэмээх хамгийн романтик бус нэр гарч ирнэ. Гэсэн хэдий ч энгийн хийцтэй тус гүүрний төмөр олсон хашлагаас дурлалт хосууд хайрын цоожоо зүүсээр байна.

Эх сурвалж: Yolo.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна