Америкийн сансрын нисэгч эмэгтэй дээд амжилт тогтоохоор зэхэж байна

2019/04/18
Олон улсын сансрын станцад ажиллаж байгаа Америкийн сансрын нисэгч Кристина Кук тойрог замд нэг жил орчим амьдарч, эмэгтэйчүүдийн дунд сансарт байсан хугацаагаараа дээд амжилт тогтооно гэсэн пуужин-сансрын салбарын эх сурвалжийн энэ мэдээллийг “РИА Новости” агентлаг мягмар гарагт дамжуулсан байна.

НАСА-гийн дэд тэргүүн Билл Герстенмайер гуравдугаар сард мэдэгдэхдээ Кристина Кукийг багийн гишүүд болох Оросын сансрын нисэгч Алексей Овчинин, Америкийн сансрын нисэгч Ник Хейгээс илүү удаан хугацаагаар Олон улсын сансрын станцад үлдэнэ гэжээ. Харин хоёр сансрын нисэгч 10 дугаар сарын 3-нд “Союз МС-12” хөлгөөр эх газартаа буух юм.

“Союз МС-13 хөлгийг хөөргөх, буулгах ажиллагааг НАСА-гийн хүсэлтээр 07 дугаар сарын 6-наас 20-ны өдөр, мөн 12 дугаар сарын 18-наас 02 дугаар сарын 6-ны өдөр болгон тус тус хойшлуулснаас үзэхэд Кристина Кук Оросын сансрын нисэгч Александр Скворцов, Италийн сансрын нисэгч Лука Пармитано нартай хамт энэ хөлгөөр эх газартаа эргэн ирэх бололтой. Тэгвэл Кук сансар 329 хоног буюу 11 сарыг өнгөрөөнө гэсэн үг” хэмээн эх сурвалж хэлжээ.

Ингэснээр Кук сансарт хамгийн удаан байсан эмэгтэй хүн гэдгээрээ дээд амжилт тогтоох юм. Одоогоор энэ амжилтыг Америкийн сансрын нисэгч Пегги Уитсон 2016-2017 онд сансарт 289 өдрийг өнгөрөөсөн гэдгээрээ эзэмшиж байна.

Харин хүн төрөлхтнөөс сансарт хамгийн удаан байсан хүнээр “Мир” станцад 438 хоног байсан Оросын сансрын нисэгч Валерий Поляков бичигддэг байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна