Сэтгүүлчийн аллагыг Саудын Арабын ханхүү захиалсаныг ил болгожээ

2021/02/28

АНУ-ын Тагнуулын төв газар /ТТГ/ 2018 онд аравдугаар сарын 2-ны өдөр Туркийн Истанбул дахь Саудын Арабын консулын газар руу бичиг баримт авахаар ороод амиа алдсан Саудын Арабын иргэн “Washington post” сонины сэтгүүлч Жамаль Хашоггигийн хэргийн цаад захиалагч нь Саудын Арабын ханхүү Мохаммед Бин Салман байсныг АНУ-ын тагнуулын байгууллагын тайланд өгүүлжээ.

Уг тайланг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа өчигдөр анх удаа нийтэд ил болгосон байна.

АНУ-ын тагнуулын байгууллагын тайланд “Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү Мохаммед Бин Салман сэтгүүлч Жамал Хашоггийг баривчилж, устгах Истанбулын ажиллагааны төлөвлөгөөг баталсан гэж бид дүгнэж байна” хэмээн бичжээ.

Тайланг нийтэд дэлгэсний дараа Байдены засаг захиргаа ханхүүгийн ойрын хүрээний хүмүүст хилийн хориг тавьж, АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтрүүлэхийг нь хориглосон байна. 

Харин Саудын Арабын засгийн газар дээрх тайланг үнэнд нийцэхгүй, худал хуурмаг мэдээлэл гэж үзэж байгаагаа дахин илэрхийлжээ.

Сэтгүүлч Хашогги нь 2018 оны аравдугаар сард Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын консулын байранд ороод буцаж гарч ирээгүй юм. Ханхүүгийн илгээсэн алуурчид консулын байран дотор түүний амийг хөнөөж, цогцсыг нь хэсэглэн хувааж, хүчилд уусгасан гэх мэдээлэл бий.

Тэрээр амиа алдахаасаа өмнө Саудын Арабын засгийн газарт зөвлөхөөр ажиллаж, Саудын хааны гэр бүлийнхэнтэй ойр холбоотой байсан. Гэвч тэр удалгүй албан тушаалаа алдаж, 2017 онд АНУ руу цагаачилсан юм. Энэ үеэс хойш Хашогги Вашингтон Пост сонинд ханхүү Мохаммедын бодлогыг шүүмжилсэн нийтлэлүүд бичих болсон нь түүнийг амиа алдахад хүргэсэн аж.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна