Сицили арал дээр цельсийн 48.8 хэмд хүрч, сүүлийн 12 цагийн дотор 300 гаруй гал түймэр гарчээ

2021/08/12

Европ тивийн түүхэнд хамгийн өндөр халалт Италийн Сицили аралд бүртгэгдсэн байж болзошгүйг өчигдөр орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.

Тус арал дээр цельсийн 48.8 хэм хүрч халсан байна. Уг баримтыг Дэлхийн Цаг Уурын Байгууллагад илгээж, баталгаажуулахаар болжээ.

Одоогоор Европ тивд бүртгэгдсэн хамгийн өндөр халалт нь 1977 онд Грекийн нийслэл Афинд Цельсийн 48 хэм хүрсэн тохиолдол юм.

Сүүлийн өдрүүдэд Италийн өмнөд нутгаар хүчтэй халж байгаа нь Африк тивээс шилжиж ирсэн Люсифер нэртэй агаарын урсгалтай холбоотой юм.

Хэт халалтын улмаас Италийн өмнөд хэсэгт ой хээрийн түймэр ихээхэн тохиолдож байгаа. Сицили, Калабриа мужуудад сүүлийн 12 цагийн дотор гал унтраах 300 гаруй ажиллагаа явуулсан гэдгийг онцгой байдлын албанаас нь мэдээлжээ.

Дэлхийн агаарын температур аж үйлдвэржилтийн өмнөх үеэс Цельсийн 1.2 хэмээр нэмэгдээд байгаа. Уг халалтыг зогсоохын тулд улс орнууд хүлэмжийн хийн үйлдвэрлэлээ бууруулах ёстой болоод байна.

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.