Монгол Улс Үндсэн хуулиа өөрчилж, нийгэм, эдийн засгаа өөрчлөн, шинэчилж байжээ

Х.Есү
2022/06/27

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг улс төрийн намууд идэвхтэй хөндөж байна. Үндсэн хуулийн талаар баримт дурдахад Монгол Улс анх 1924 онд Үндсэн хуулиа баталж байжээ. Үүнээс хойш 1940 болон 1960 оны зун Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, тухайн үеийн нийгэм, эдийн засаг, хүн амын өсөлт хөгжилтэй уялдуулан өөрчилж байсан аж.
Монгол Улс Үндсэн хуулиа өөрчлөх тоолондоо нийгэм, цаг үеийн шаардлагаар үүсэн бий болж буй асуудлыг шийдвэрлэж, цаг үеийн тод түүхээ бүтээж ирсэн байх юм. Тухайлбал, 1924 онд батлагдсан анхны Үндсэн хуулиар Богд хаант засаглалыг өөрчилж, Бүгд найрамдах улсыг тунхаглаж байсан бол 1940 болон 1960 онд хийгдсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг даган “Соёлын довтолгоо”, “Нэгдэлжих хөдөлгөөн”, “Атрын аян” зэрэг томоохон аян, хөдөлгөөнийг үүсгэж, нийгэм, эдийн засагтаа дэвшил авчирч байв.
Яг одоо яригдаж буй шинэ цагийн гэх тодотголтой 1992 онд баталсан шинэ Үндсэн хуулиар нэг намын системтэй, төрийн эрх барих тогтолцоо, эрх мэдлийн хуваарилалтыг халж, Монгол Улс парламентын засаглалтай болсон юм. Ардчилсан нийгэмтэй зэрэгцэн батлагдсан шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 30 жил өнгөрч байна. Шинэ Үндсэн хууль батлагдаж байх үед дэлхий ертөнц даяар глобалчлалын давалгаа эрчтэй явагдаж, Монгол Улс олон улсын энэ чиг хандлагаас огт хоцроогүй.
Тэгвэл өнөөдөр дэлхий ертөнцийг хамарсан глобалчлалын хүрээ эрс хумигдаж, улс орнууд геополитикийн хувьд хэд хэдэн хуваагдлын ирмэг дээр ирээд байна. Ийм эгзэгтэй цаг үед Монгол Улс Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, ардчилсан парламентын тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай тулгарч эхэллээ. Тиймээс Үндсэн хуульдаа өөрчлөлт хийж, 30 жил үргэлжилсэн нийгэм, эдийн засгийн хямралд цэг тавьж, үргэлж өөр хоорондоо сөргөлдөж ирсэн Ерөнхийлөгчийн засаглалтай ч юм шиг, парламентын засаглалтай ч юм шиг шийдвэр гаргах тогтолцоо, засаглалын бүтцээ тодорхой болгож, хөгжлийн шинэ үүд хаалгыг нээх цаг нь болжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.70
    2022/06/28

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах