ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд

Х.Есү
2022/11/02

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арван нэгдүгээр сарын 2-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

Ж.Ганбат: Экспортын валютын орлогыг нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол хэрэгжих боломжтой
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн явц байдал, авч хэрэгжүүлсэн болон цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан нүүрсний ачилт, тээвэрлэлт, экспортын валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад шаардлагатай бүх талын дэмжлэг, тусалцаа үзүүлж хамтран ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймгийн Засаг дарга нар, төрийн болон төрийн өмчийн оролцоотой компанийн удирдлагуудад даалгалаа.
Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд тус компани уулын ажлын хөлсийг нүүрсээр барагдуулах гэрээг зогсоох, төслийн санхүүжилтийн төлбөрийг нүүрсээр барагдуулах гэрээний нийлүүлэлтийг нийт ачилтын 19 хувь байсныг 14 хувь болгон бууруулах, урьдчилгаа төлбөр авсан зарим гэрээний худалдан авагч талтай бэлэн мөнгөөр хүлээн авах нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх хэлцэл хийж эхэлсэн зэрэг арга хэмжээ авжээ.
Боомтын сэргэлтийн үндэсний хорооны 2022 оны аравдугаар сарын 29-ний хуралдаанаас дундын болон богинын тээврийн уялдааг хангаж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан нүүрс тээврийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, өдөр тутмын квотыг нэмэгдүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.


Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 500 сая ба түүнээс дээш ам.долларын орлого төвлөрүүлэх төлөвлөгөө батлан нүүрс ачих, тээвэрлэх, худалдан борлуулах, хил нэвтрүүлэх үе шатыг оновчтой зохион байгуулах, хяналтыг сайжруулах талаар бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Засгийн газраас өгсөн энэ үүргийг биелүүлэх боломжтой” гэж хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

“Засгийн газрын авто бааз”-ыг төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгов. 

“Засгийн газрын авто бааз” улсын төсөвт үйлдвэрийн газрыг төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулж, дүрмийг баталлаа.
“Засгийн газрын авто бааз” УТҮГ-ын санхүүгийн үзүүлэлтээс харахад сүүлийн жилүүдэд алдагдалтай ажилласан нь тус байгууллагын үндсэн үйл ажиллагаа болох төрийн байгууллагад үзүүлэх авто тээврийн хэрэгслийн үйлчилгээний тарифыг хатуу тогтоосонтой холбоотой бөгөөд улсын төсвөөс цалингийн санхүүжилтэд гурван тэрбум төгрөг олгож байжээ.
Төрийн хэмнэлтийн тухай хуульд “төр, олон нийтэд үзүүлж байгаа үйлчилгээний орлогоор өөрийгөө санхүүжүүлэх боломжтой төсөвт байгууллага, улсын үйлдвэрийн газруудыг аж ахуйн тооцооны зарчмаар ажиллуулах, тухайн чиг үүргийг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудтай гэрээ байгуулан гүйцэтгүүлэх…” гэж заасан.
“Засгийн газрын авто бааз” УТҮГ-ыг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулснаар санхүүгийн хувьд улсын төсвөөс авдаг цалингийн санхүүжилт байхгүй болж, төсөвт дарамт учруулахгүй болох бөгөөд нөгөө талдаа зах зээлийн зарчимд нийцсэн үнэ тарифаар үйлчлэх замаар орлогоо нэмэгдүүлж, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх, улмаар тус үйлдвэрийн газрын ашигт ажиллагаа дээшилнэ гэж үзэж байна.


Аялал жуулчлалын салбарт Турк улстай хамтран ажиллана
Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд, хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд олголоо.  
Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын баримт бичигт эдийн засгийг солонгоруулах хамгийн эхний салбар бол аялал жуулчлал хэмээн тодорхойлсон.
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин, тогтмол нислэгийн тоо нэмэгдэн, БНТУ-ын агаарын тээврийн “Туркиш Эйрлайнс” компани шууд нислэг үйлдсэнээр аялал жуулчлалын харилцаа эрчимтэй хөгжиж байна.
Монгол Улсад Турк Улсаас 2022 онд 2700 орчим жуулчин ирээд байгаа нь өмнөх жилийнхээс 53 хувиар өссөн үзүүлэлт юм. Одоогоор Истанбул-Улаанбаатар-Истанбул чиглэлийн агаарын тээвэр долоо хоногт гурван удаа нислэг үйлдэж байгаа бөгөөд долоо хоногийн өдөр болгон нислэгтэй байх бүрэн боломжтой. Нислэгийн тоо нэмэгдсэнээр аялал жуулчлал, үүнийг дагаад эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжинө гэж үзэж байна.
Хэлэлцээр байгуулснаар тогтвортой аялал жуулчлалын хөгжлийн байгаль орчин, эдийн засаг, нийгэм, соёлын асуудлыг олон улсын хамтын ажиллагаа, хоёр талын зохицуулалтын үйл ажиллагаагаар шийдвэрлэх чухал ач холбогдолтой юм.
 
2023 онд нэг сая жуулчин хүлээн авч, 1,2 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлэхээр зорьж байна
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо байгуулсан. Тус хорооны Ажлын албыг 11 орон тоотой байхаар өнөөдөр баталлаа. Хорооны өдөр тутмын үйл ажиллагааг явуулах, салбар хоорондын уялдааг хангахад хорооны дэргэд байнгын Ажлын алба ажиллах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын аялал жуулчлалын салбар 2019 онд хамгийн их буюу 577 мянган гадаадын жуулчин хүлээн авч, тус салбараас 607 сая ам.долларын орлого олж, тухайн жилдээ ДНБ-ий 6.4 хувийг эзэлж байсан тус салбар 2020 онд 58, 2021 онд 33 мянган жуулчин хүлээн авсан нь тус салбарт төдийгүй Монгол Улсын эдийн засагт хүндрэл үүсгэсэн.
Цар тахлын дараах үед аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд сэргээж, 2023 онд нэг сая жуулчин хүлээн авч, тус салбарын орлогыг 1,2 тэрбум ам.доллар буюу 4,2 их наяд төгрөгт хүргэн ДНБ-ий 11.5 хувь, 2024 онд 16 хувьд хүргэхэд чиглэн үйл ажиллагаагаа явуулахаар зорьж байна.
2022 оны хоёрдугаар сард Монгол Улс хилээ нээснээс хойш долоон сар гаруйн хугацаанд 210 мянган жуулчин хүлээн авч эдийн засагт 750 тэрбум төгрөгийн орлого оруулаад байна. Энэ оны жилийн эцэс гэхэд жуулчдын тоог 250 мянгад хүргэж, жуулчдаас орох орлогыг нэг их наяд төгрөг хүргэхийг зорьж байна.
 
Товч мэдээ
·      Гомбосүрэнгийн Амартүвшинг Гадаад харилцааны дэд сайдаар, Оюунхүүгийн Амарсанааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар тус тус томиллоо.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.135.231
    2022/11/03

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах