Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо (Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох) -ны өнөөдрийн (2022.11.09) хуралдаан 16 цаг 20 минутад ирц бүрдсэнээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн, шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, тус Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд хэлэлцэх асуудалтай холбогдуулж хуралдаанаар сонсох мэдээллүүд нь батлагдаж, нотлогдоогүй мэдээлэл байх үндэслэлтэй тул хуралдааныг хаалттай явуулах горимын санал гаргаж, санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо
Түр хороооны хуралдаанаар эхлээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо. Хуралдаанд Гаалийн ерөнхий газар, Боомтын үндэсний зөвлөл, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийв.
Гаалийн байгууллагаас экспортын нүүрсэнд хийсэн шалгалтын талаарх мэдээллийг Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэлийн газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатар танилцууллаа. Тэрбээр “Гашуунсухайт” боомтоор экспортолж буй нүүрсний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, Гаалийн ерөнхий газрын даргын удирдамжтай шалгалт хийх, Бүрдүүлэлтийн дараах шалгалт оруулах зэрэг үйл ажиллагааг шат дараатай хэрэгжүүлж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэх, хөрш БНХАУ-ын Гаалийн цагдаагийн албатай тогтмол мэдээлэл солилцон ажиллаж, илэрсэн зөрчлийг тухай бүр шийдвэрлүүлэхээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснийг танилцуулсан. Тухайлбал, нийт дөрвөн удаа буюу 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 03 дугаар сарын 29-ний өдрүүдэд “Гашуунсухайт” боомтоор 2010 оноос 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд экспортод гаргасан нүүрсний мэдээлэл, бичиг баримтуудад, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 06 дугаар сарын 31-ний өдрүүдэд 2013-2017 онуудад “Гашуунсухайт” боомтоор экспортод гарсан нүүрсний гаалийн бүрдүүлэлтэд, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 18-ны өдрүүдэд “Монпропа холдинг” ХХК-ийн холбогдох үйл ажиллагаанд, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд “Гашуунсухайт” дахь “Цагаанхад” гаалийн хяналтын бүсийн мэдээллийн сан, гаалийн мэдүүлэг манифестын мэдээллийн үнэн зөв эсэхийг бусад эх сурвалжийн мэдээлэлтэй харьцуулалт хийн тус тус хяналт шалгалт явуулснаар гарсан үр дүн, илрүүлсэн зөрчлийн талаар танилцуулсан.
Түүнчлэн, дээрх хяналт шалгалтуудаар нүүрсийг гаальд дутуу мэдүүлсэн болон мэдүүлээгүй улсын хилээр нэвтрүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал буюу нүүрсэнд бүрдүүлэлт хийсэн гаалийн мэдүүлэг олдоогүй, нүүрс тээврийн хэрэгслүүд хоосон улсын хилээр гаргасан бүртгэл нь нүүрстэй гарсан байх магадлалтай, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд харьцуулалт хийхэд давхардсан тоогоор нийт 22,664 тээврийн хэрэгслийн бүртгэл зөрүүтэй, гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийснээс илүү нүүрсийг экспортолсон, нүүрс тээвэрлэлтийн хууль бус үйл ажиллагаануудад боомтын болон хил, гааль, цагдаагийн албан хаагчид үгсэн тохиролцож, оролцсон нь тогтоогдсон зэрэг хууль бс үйлдлийн материалуудыг зургаан удаагийн албан тоотоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газарт шилжүүлсэн, Эрүүгийн Цагдаагийн газраас зарим материалуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, зарим хэргийг Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлсэн тухай хариу мэдэгдэж байсан талаар тэрбээр танилцууллаа.
Гаалийн байгууллагын танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа, Б.Бейсен, Н.Наранбаатар, Г.Ганболд нар асуулт асууж, хариулт авав.
Гишүүдийн асуултад Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах газар, Сангийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтнууд хариулт өгсөн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа хууль бусаар хил дамжсан нүүрсний хулгайн асуудал илэрсэн нь танилцуулга, мэдээллээс харагдаж байна. Гэтэл яагаад тогтоогдохгүй байна вэ гэдгийг тодруулахад Цагдаагийн байгууллага болон Авлигатай тэмцэх газрын албан тушаалтнууд “Гашуунсухайт” боомтоор 2010 оноос 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд экспортод гаргасан нүүрсний мэдээлэл, бичиг баримтуудад хяналт шалгалт хийсэн гаалийн байгууллагын ирүүлсэн материалын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн талаар хариулав.
Үргэлжлүүлэн Боомтын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Ц.Эрдэнэбаяр бөмбөлөг тээвэрлэлтийн талаар, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан хилийн боомтын төмөр замын тээврийн өнөөгийн байдлын талаар тус тус танилцуулга, мэдээлэл хийлээ.
Дээрх хоёр байгууллагын танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Н.Наранбаатар Ц.Анандбазар, Н.Ганибал, Б.Бейсен, Б.Баттөмөр, Т.Энхтүвшин, Г.Ганболд нар асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авахын зэрэгцээ санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нүүрсний хулгайтай холбогдуулж шалгасан, шийдвэрлэсэн хэргийн талаар прокурорын байгууллагын мэдээллийг сонсох талаар санал хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Танилцуулга хийж байгаа байгууллагууд өдөр тутам хийдэг ажлынхаа талаар танилцуулж буйд шүүмжлэлтэй хандаж, байр сууриа илэрхийллээ.
Гишүүдийн асуултад Боомтын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Ц.Эрдэнэбаяр, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нарын албан тушаалтнууд хариулт өгсөн.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд, Монгол Улсын Их Хурлын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан Хилийн боомтын асуудлаарх Хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдэвт тусгагдсан “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” чиглэлээр холбогдох эрх бүхий байгууллагуудын мэдээлэлтэй танилцаж нүүрсний хууль бус экспорт, вагон болон бөмбөлөг тээвэрлэлттэй холбоотой ноцтой асуудлуудаар мэдээлэл сонслоо. Цаашдаа, тухайлбал бөмбөлөг тээвэрлэлт зайлшгүй шаардлагатай эсэх, хил дээрх ПГУ шинжилгээний зохион байгуулалттай холбоотой ээдрээтэй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, хил, гааль дээр тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг үнэн зөв тогтоох, өмнө нь хаагдсан нүүрсний хууль бус тээвэрлэлттэй холбоотой хэргийг дахин шалгах, одоо шалгагдаж буй хэргүүдийг удаашруулахгүй шийдвэрлэх талаар зэрэг өргөн хүрээнд нээлттэй сонсгол хийхээр төлөвлөж байна гэж байр сууриа илэрхийллээ.
“Нотлох баримт гаргуулах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг баталлаа
Хуралдаанаар үргэлжлүүлэн “Нотлох баримт гаргуулах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг батлах асуудлыг хэлэлцлээ. Хилийн боомтын асуудлаарх Хянан шалгах түр хорооны хяналт шалгалтыг явуулахад ач холбогдол бүхий баримтуудыг холбогдох яам, агентлаг, байгууллага болон хууль хяналтын байгууллагуудаас гаргуулах зохицуулалт бүхий тогтоолын төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар, Б.Баттөмөр, С.Бямбацогт, Ш.Адьшаа, Н.Ганибал нар санал хэлэв. Гишүүдийн хэлсэн саналыг тогтоолын төсөлд нэмж тусган, төслийг батлах санал хураалт явуулснаар гишүүдийн олонхын саналаар тогтоолын төслийг баталлаа.
“Түр хорооны тогтоолд нэмэлт оруулах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг батлав
Хуралдааны төгсгөлд "Түр хорооны тогтоолд нэмэлт оруулах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг батлах асуудлыг хэлэлцэв. Хилийн боомтын асуудлаарх Хянан шалгах түр хорооны 2022 оны 10 дугаар сарын 25-ны 03 дугаар тогтоолоор томилогдсон хянан шалгагчдын бүрэлдэхүүнээс ар гэрийн шалтгаанаар татгалзаж буйгаа мэдэгдэж, хүсэлт гаргасан Дуламын Сугарыг чөлөөлж, Бямбажавын Мөнхбатыг бүрэлдэхүүнд нэмэх зохицуулалт бүхий тогтоолын төслийг хэлэлцэв.
Бямбажаын Мөнхбат нь дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Цагдаагийн дээд сургуулийг төгссөн. Төмөр замын цагдаа болон Эрүүгийн цагдаагийн газарт цагдаа, эрүүгийн төлөөлөгч, эдийн засгийн төлөөлөгч, эдийн засгийн ахлах төлөөлөгч, Гүйцэтгэх ажил хариуцсан тасгийн дарга, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажилласан, Эргүүл хамгаалалтын газар, Мэдээлэл, шуурхай удирлагын төвд удирдах албан тушаал хашсан. 1987-2022 он хүртэл улсад 35 жил ажиллаад, цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан талаар Түр хорооны дарга Г.Ганболд танилцууллаа.
Ингээд Хянан шалгах түр хорооны хянан шалгагчдын бүрэлдэхүүнээс Дуламын Сугарыг чөлөөлж, Бямбажаын Мөнхбатыг томилох тогтоолын төсөл батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнээр, тогтоолын төслийг баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.22.251
ЦАГДАА ШҮҮХ ПОРКУРОРЫГ БҮРЭН БҮРЭЛТХҮҮНЭЭР ОГЦОРУУЛЖ ШИНЭ ЗАЛУУ СААР СОЛИХГҮЙГЭЭР ХӨГЖИЛ ШУДРАГА ЁС ЯРИАД Ч ХЭРЭГГҮИ
Хариулах202.126.90.110
Ер нь нүүс байнга зөөж хувааж аваад сурчихсан хулгайч нарыг илрүүлж чадахгүй шүүдээ үүнд чинь маш олон хүн оролцдог бүгд хувааж авдаг АТГ шалгадаг л гэнэ тэд чинь өөрсдөө оролцдог яаж ч илрүүлэх гээд чадахгүй
Хариулах213.87.148.245
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах66.181.160.6
surjin l ym bolj , gevch ter ih hemjeenii nuurs niseed hiiseed hiliin tsaana garaagui n medeej , nuguu 17 chingleg us shig shirgeed duusah n lavtai boljee !
Хариулах