НОЦТОЙ: Б.Хурцын заавраар ажилласан Н.Энхтуяаг баривчилсан ШАЛТГААНУУД

2023/02/01

Эрүүгийн цагдаагийн албанаас өчигдөр нэр бүхий ресторанаас жагсаал санхүүжүүлсэн гэх эмэгтэйг баривчилсан тухай мэдээлэл сошиалд хөвөрсөн.

Асар их хэмжээний мөнгө яригдсан уг мэдээллийг ихэнх нь үгүйсгэж буй харагдсан. Уг мэдээллийг манай сайтын редакцын зүгээс албаны болон албан бус эх сурвалжуудаас тодруулж дараах мэдээллийг олж авлаа.

Б.Хурцаас их хэмжээний мөнгө авсан Н.Энхтуяа нь АПУ-д ажилладаг  

 Жагсаал санхүүжүүлсэн гэх Н.Энхтуяа нь Б.Хурцын захиалгаар нийтийг хамарсан үймээн өдүүлэхээр бэлдэж байсан тул түүнийг хойшлуулшгүй ажиллагаагаар саатуулжээ.

Н.Энхтуяа өдгөө АПУ компанид хуулийн зөвлөхөөр ажилладаг гэсэн мэдээллийг эх сурвалжууд өгч буй юм.

Н.Энхтуяа нь Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай тун ойрын хүн гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Б.Хурцыг АТГ, ТЕГ-т байхад даган тодорхой ажил алба эрхэлж, нэг ёсондоо шадар туслах нь хийж байжээ.

 Н.Энхтуяа нь У.Цогтбаярын эхнэрийн эгч бөгөөд үймээн самуун үүсгэх төлөвлөгөөг хэрэгжүүлж байжээ

Бас нэг анхаарал татаж буй асуудал бол Н.Энхтуяа нь У.Цогтбаярын эхнэрийн эгч юм байна. Түүнийг баривчилсний дараа үзлэг, шалгалтаар тайван жагсаал цуглааныг өдөр өдрөөр хурцатгах, оны төгсгөлийн өдөр үймээн гаргах өдөрчилсөн төлөвлөгөө илэрсэн гэх мэдээлэл байна. Төрийн ордны гадна болсон нүцгэн эсэргүүцэл ч тус төлөвлөгөөнд өдөртэйгөө туссан нэг ажил байж. Үүнээс гадна Б.Хурцаас их хэмжээний валют, бэлэн мөнгө хүлээн авсан, бусдад их хэмжээний бэлэн мөнгө өгсөн тухай нотлох баримтуудыг хураан авсан аж.

Н.Энхтуяа, Б.Хурц нартай холбоотой байж болзошгүй Украины гурван иргэнийг баривчилжээ

Мөн Н.Энхтуяа, Б.Хурц нартай холбоо харилцаатай ажилласан, үйл ажиллагаанд оролцсон байж болзошгүй Украины гурван иргэнийг саатуулаад байгаа ажээ. 

Ийнхүү тайван жагсаал цуглааныг үймээн самуун болгох зорилготой арга хэмжээг шуурхай таслан зогсоох үүднээс цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж жагсаалыг тараахад хүрсэн аж. 

Хэрэв тайван жагсаал цуглаанд өөрсдийн төлбөрт хүмүүсийг нэвтрүүлж гартаа аван улмаар төлөвлөсний дагуу олон нийтийг хамарсан үймээн самуун зохион байгуулж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг оролдсон бол гарах хохирол нь үлэмж байх нь дамжиггүй юм.

Тиймээс итгэл үнэмшлээрээ жагсаж буй залус, иргэд дарангуйлал бүхий нийгмийг илт уриалж буй хүмүүсээс болгоомжлох хэрэгтэйг сануулъя.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.20.80
    2022/12/22

    Хошин шог Цогтбаяр хөөрхий эхнэрийнхээ заавраар талбайд жагсаад байсан юм байна

    Хариулах