ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГ: Шүүхээс “Эрэл” ХХК-иас 173.9 тэрбумыг гаргуулах шийдвэр гарчээ

2023/05/18

"Эрэл" ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат 2013-2015 онд Хөгжлийн банкнаас гурван удаагийн зээл авч, гэрээ байгуулсан байдаг. 

Тодруулбал, 

  • 2013 онд “Байшин үйлдвэрлэх комбинат-1” төслийн санхүүжилт- 14.0 сая ам доллар,
  •  2014 онд 13.1 сая евро, 
  • 2015 онд 9.0 сая ам.доллар буюу санхүүжилт олгох үеийн албан ханшаар тооцвол 72.6 тэрбум төгрөгтэй тэнцэх санхүүжилтийг олгож байжээ.

Хөгжлийн банкнаас “Эрэл” ХХК-тай байгуулсан дээрх гурван Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020.10.16-нд ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 39.5 сая ам.доллар, 18.3 сая евро нийт 202.9 тэрбум төгрөгийг нэхэмжилсэн байдаг.

“Эрэл” ХХК-ийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, шүүх хурлыг 28 удаа хойшлуулж байжээ. 

Улмаар анхан шатны шүүх энэ оны 02 дугаар сарын 10-ны өдөр болж, “Эрэл” ХХК нь 171.3 тэрбум төгрөгийг Хөгжлийн банканд төлөх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гарсан байна.

“Эрэл” ХХК болон Хөгжлийн банкнаас Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасны дагуу 2023 оны 05 дугаар сарын 12-нд Нийслэлийн Давж заалдах шатны шүүх хурал болсон байна. Шүүхээс “Эрэл” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг 2.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, нийт 173.9 тэрбум төгрөгийг “Эрэл” ХХК-иас төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хөгжлийн банкнаас олгосон санхүүжилтээр тус үйлдвэр нь жилд 150,000 м3 бетон эдлэл буюу 5,000 айлын орон сууц, түүнтэй дүйцэхүйц сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёл, олон нийтийн барилга байгууламжийн хавтанг үйлдвэрлэн нийлүүлэх хүчин чадалтай үйлдвэр бий болно гэж тооцож байсан.

 Үйлдвэр 2017 онд ашиглалтад орсон хэдий ч эргэлтийн хөрөнгө болон томоохон хэмжээний захиалга, үйлдвэрлэл явагдаагүйгээс өнөөдрийг хүртэл зогсонги байдалд байгаа юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.82.230
    2023/05/21

    ЭРЭЛийн хөрөнгийг хураах ажил хийгдэх юм байна.

    Хариулах
  • 213.87.133.188
    2023/05/19

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах