-Архангайчууд шинэ жишиг бий болголоо-
Монголд байгаль, ахуйгаас гадна жуулчдын сонирхлыг татах брэнд хэдхэн л бий. Шинээр бий болгохоор хичээж буй ч одоо байгаа, уламжлалт “брэнд”-ээ ашиглах талаар учир дутагдалтай байгаа нь үнэн. Нөөц боломжийг нь шавхаж чадахгүй тэдгээр цөөн брэндийн нэг нь яах аргагүй наадам. Гаднынхан Монголд наадам үзэх гэж ирдэг, наадмын нээлтийг үзээд цааш аялахыг зорьдог. Харамсалтай нь, наадмын нээлтийн тасалбар захиалга бүтэлгүйтмэгц багагүй хэсэг нь ирэх жил азаа үзэхээр шийдэж, аяллаа хойшлуулдаг. Нийслэлийн аялал жуулчлалын газрын мэдээлснээр, жил бүр гадаадаас улсын наадмын нээлт үзэх 15,000 гаруй захиалга ирдгийн 3000 гаруйг л биелүүлдэг.
Манай улсад ирсэн нэг гадаад гэр бүл 90 сая төгрөгөөр худалдан авалт хийсэн талаар хөтөч нь олон нийтийн сүлжээнд жиргэсэн байсан. Энэ жишгээр тооцоход л бид хэдэн арван тэрбум төгрөгийг жил бүр алдаж байдаг нь харагдана. Энэ бол “Наадам” брэндийг ашиглаж чадахгүй байгаагаас алдагдсан боломжуудын зөвхөн нэг нь.
Тэгвэл энэ жил 100 жилийн түүхт ойгоо тэмдэглэж буй таван аймгаас Архангайчууд онцгойрч, “Наадам” брэндийг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар төр засагт зүйрлэж хэлбэл, “Хичээл зааж” байна”.
Наадмын нээлт чухал, гадна дотнын жуулчдыг дуудах гол хүчин зүйл гэдгийг маш сайн ойлгож, 20,000 хүний суудалтай “Ара” цогцолборыг чингэлэг ашиглан барьж босгожээ. Улмаар хөдөлгөөнтэй залуус болох Э.Цолмонбаяр тэргүүтэй залуусыг татан оролцуулж, залуу найруулагч Б.Тамираар нээлтээ дэглүүлсэн байна. Нарийн шрийн юмыг энд ярихгүй. Гэхдээ Нийслэлд байхгүй цэнгэлдэх босгож, байдаггүй үйлчилгээг /Явуулын цирк, амьтны хүрээлэн гэх мэт/ бий болгож чадсан байна. Хамгийн гол нь “Наадам” брэндийг тултал нь ашиглаж, эдийн засгийн үр ашигтай байлгахыг зорьжээ. Өөрөөр хэлбэл, сарын хугацаатай хөтөлбөр боловсруулснаараа “Наадам”-ыг “өгөөш” болгож, нутагтаа гадаад, дотоодын жуулчдыг саатан морилуулах, тэндээсээ зарлагаа нөхөх, үгүйдээ нутгийн зон олондоо өгөөжтэй байлгахыг бодож. Хувийн хэвшилээ зохион байгуулж, сайн ч бэлджээ. Хангалттай авто зогсоол, ариун цэврийн байгууламж бэлдэж. Хогийн цэгээ цэцэрлэгт хүрээлэн болгож хувиргажээ.
Дөрвөн одтой "Ашид бэхи" зочид буудлыг наадмын өмнө ашиглалтад оруулсныг харахад л ямар төлөвлөгөө, зохион байгуулалттай хөдөлснийг нь харж болмоор.
Ууган таван аймгийн ойг төрөөс 100 жилийн түүх биш, 100 жилийн эхлэл гэдэг байдлаар сурталчлахыг хичээж байгаа. Магад, 100 жил нүхэн жорлонтой байчихаад ой тэмдэглэж яанам бэ гэсэн шүүмжлэлээс болгоомжилсон байх. 100 жилийн түүхийн ихэнх нь одоогийн эрх баригчдад хамаарахыг ч бодолцсон биз. Тэгвэл энэ суртал ухуулгыг лав л Наадам брэндийг ашиглаж, аялал жуулалыг хөгжүүлэх, эдийн засгийн өгөөжтэй байлгах тал дээр Архангай аймаг баталж, цаашид үлдэх шинэ жишиг тогтоочихлоо.
Бүтээж байгуулсан бүхнээс нь чимхлүүр хөдөлмөр, сэтгэл, оюун бодол мэдрэгдэнэ. Саатаж сонирхох бүрт сэтгэлд хүрсэн ийм наадмыг хамгийн сүүлд хэзээ, хаана үзлээ гэж бодогдоно.
Архангайн наадамд очсон жуулчид нутагтаа очоод бусдадаа “Улаанбаатарын наадам” гэхээсээ аймгуудын наадам нь илүү ахуйтай, Монголчуудыг илүү мэдрүүлэх юм билээ” гэж лавтай ярина. Ингээд 15,000 жуулчин 3000 тасалбар дээр алалцах шаардлагагүй болчихож байгаа юм. Бүр тодруулбал, ирэх жилээс аймгуудын наадмын нээлтийг эдийн засгийн эргэлтэд оруулах бололцоо харагдаж байна. Жуулчин авчирч орлого олох хойно нээлтдээ мөнгө зарж, аятайхан юм хийж болно.
Энэ жил өндөр ойтой таван аймаг, ирэх жилээс бүх аймгууд энэ жишгээр явчихвал ганц “Наадам” брэндээр л жуулчлалаа сэмбийтэл хөгжүүлэх боломж байна. Үүний тулд мэдээж, хийж бэлтгэх ажил их байгаа. Гэхдээ хийж болно. Өөдрөг төсөөлөл, олон шинэ санаа өгсөнд нь Архангай аймгийн удирдлага, хамтран оролцож буй нийт арын сайхан хангай нутгийнхандаа талархал өргөж, өндөр ойн мэндийг дэвшүүлэн, сайн сайхныг хүсье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.82.135
Дундаас нь унагаж, өөрсдөө идэх гэхгүй бол сэтгэл гаргаад хийж болдог л юм байна лээ
Хариулах