ЖЕНЕВ. /TASS/. Өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар коронавирусний халдварын 2.6 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 72 мянга гаруй хүн нас барсан байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад өдөрт бүртгэгдсэн өвчлөл 12 хувиар, нас баралт 2 хувиар буурлаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт шилжих шөнө мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногт халдварын хамгийн олон буюу 630 мянга гаруй тохиолдол Энэтхэгт бүртгэгдсэн байна.
Долоо хоногийн дотор дэлхий даяар 2 655 782 шинэ тохиолдол илэрч, 72 528 хүн нас барсан байна. Цар тахал дэгдсэнээс хойш зургаадугаар сарын 13-ны байдлаар нийт 175 333 154 хүн халдвар авч, 3 793 230 хүн энджээ.
Зүүн-Өмнөд Ази (27 хувиар), Европ (13 хувиар) зэрэг зургаан бүсийн тавд нь өвчлөл өнгөрсөн долоо хоногт буурсан бол Африкт (44 хувиар) өссөн байна. Нас баралт Африкт (20 хувиар), Зүүн-Өмнөд Азид (12 хувиар) өссөн боловч Европ (17 хувь), Америкт (7 хувь) буурчээ.
Европт долоо хоногийн хугацаанд 332 мянга гаруй хүн халдвар авч, 7000 гаруй хүн нас барсан байна. Хойд болон Өмнөд Америкт 1.1 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 31 мянга гаруй хүн нас баржээ. Зүүн Өмнөд Азид 763 мянга гаруй хүн халдвар авч, 26 мянга гаруй өвчтөн нас барсан байна. Энэтхэгт халдвар авсан хүний тоо долоо хоногийн дотор 630 мянга гаруйгаар нэмэгдсэн бол тус улсын дараа Бразил (454 мянга гаруй), Аргентин (177 мянга гаруй), Колумб (176 мянга гаруй), АНУ (105 мянга гаруй), ОХУ (82 мянга гаруй), Иран (59 мянга гаруй), Индонез (55 мянга гаруй), Чили (48 мянга гаруй), ӨАБНУ (47 мянга гаруй), Их Британи (46 мянга гаруй) болон Турк улс (42 мянга гаруй) оржээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна