“Токио-2020” олимпод оролцох баг тамирчдад оролцогчийн мандат болон хувцас хэрэгслийг нь гардууллаа


Токио хотноо энэ сарын 23-наас ирэх наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдах зуны XXXII олимпын наадам эхлэхэд 15 хоног үлдлээ.

Олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдад албан ёсны хувцас хэрэгсэл болон оролцогчийн мандат гардуулах үйл ажиллагаа өчигдрөөс эхэлж байна.

Уг үйл ажиллагаанд БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг, Монголын үндэсний олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал, “Токио олимп” сангийн менежер Б.Өнөбаатар нар оролцож, буудлага, байт харваа, хүндийн өргөлт, хөнгөн атлетикийн баг тамирчдад амжилт хүслээ.

“Токио 2020” олимпын наадамд оролцох Монголын тамирчдын спортын болон ёслолын хувцасыг Монгол үндэсний өв уламжлал, соёл, хөгжил дэвшлийг илэрхийлсэн брэнд өнгө төрхийг Үндэсний мэргэжлийн загвар зохиогчдоор тодорхойлуулах зорилгоор 2019 онд загварын уралдаан зарлаж, сонгон шалгаруулалт хийсэн. Нийт 10 загвар зохион бүтээгч загвараа ирүүлсэнээс “Мишээл-Амазонка” ХХК шалгарч, урласан юм.

Энэ удаагийн олимпод манай баг тамирчид спортын 10 төрөлд буюу шинээр 3х3 сагсан бөмбөг, ширээний теннис, жүдо багийн төрөлд эрхээ авч өнөөдрийн байдлаар нийт 44 тамирчин оролцохоор болоод байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна