Дариа Билодид: Алтнаас бусад нь надад "хэрэггүй" байсан ч эцэг эхдээ зориулж хүрэл медаль авсан

23 цаг 54 минутын өмнө

Алтын төлөө оноолтод ялагдсанаас сэтгэл гутралд орж, хүрэл медалийн төлөө өрсөлдөх хүсэлгүй болсон Украйн улсын тамирчин Даръя Билодид хүрэл медалийг алдах сэтгэлзүйтэй байсан хэдий ч жүдо бөхийн -48кг-ийн жинд олимпын наадмын хүрэл медалийг хүртэж чадсан юм.

Тэрбээр 17 настайдаа жүдогийн дэлхийн аварга болж дэлхийг шуугиулж байсан билээ.

Даръя хагас финалын шатанд Япон улсын тамирчин Фуни Тонакд ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдах болсон. Энэ тухайгаа тэрээр өөрийн инстаграм хуудаснаа:

- “Би зургаан настайгаасаа хойш нэг л мөрөөдөл тээж байсан бөгөөд тэр л хүсэл маань энэ л олон жилийн турш санаанаас гаралгүй хүнд хэцүүг даван туулахад минь тусалж ирсэн. Би олимпийн алтан медалийг л мөрөөдөж ирсэн. Би маш их бэлтгэл сургуулилт хийж, өлсөж, хэчнээн өвчтэй байсан ч тэвчиж, өөрийгөө үгүйсгэж байсан. Энэ тухайгаа би хэнд ч хэлж байгаагүй ба зөвхөн миний ойр дотнын хүмүүс л намайг ямар хүнд зам туулж энэ хүрснийг мэднэ. Тэр бүхэн зөвхөн олимпийн алтан медалийн төлөө л байсан.

Өнөөдөр би Токиогийн олимпоос хүрэл медалийг хүртлээ. Алтын төлөөх оноолтод ялагдсанаас болж би сэтгэл гутралд орж, хүрлийн төлөө өрсөлдөх огтоос хүсэлгүй болсон.

Миний мөрөөдөл биелэхээс нэгэнт өнгөрсөн болохоор би зүгээр л бууж өгөхийг хүссэн. Ямар ч эрч хүчгүй. Гэхдээ намайг барилдахад хүргэсэн ганц зүйл бол татами дээр гарахаас өмнө ээжийн минь хэлсэн үг байлаа.

“Энэ медалийг миний төлөө хожоорой” гэж тэр хэлсэн. Би үүнийг ээж аавынхаа төлөө хожсон. Тэд маань энэ медалийг хүртэх эрхтэй бөгөөд би энэ ялалтаа тэдэнд зориулж байна. Баярлалаа. Намайг бууж өгөхийг хүсэхэд та хоёр минь л үргэлж дэргэд минь байж, үргэлжлүүлэн явахад хэрэгтэй үгсийг минь хэлж, дэмжиж ирсэн.

Би одоо л энэ медалийн үнэ цэнийг ойлгож байна. Миний хувьд энэ алтан медалийн дайтай. Учир нь бидэнд маш их шалгуур, бэрхшээл тулгарсан ч эцсийн шатанд хүрч, медаль хүртэн түүх бүтээлээ.

Гэхдээ миний мөрөөдөл хэвээрээ шүү. Би санасандаа хүрэх хүртлээ мөрөөдлийг минь булаахыг хэнд ч зөвшөөрөхгүй” гэжээ.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.78
    2021/07/26

    Өөрийн гэсэн хүсэл зорилго байхад юу ч бүтээж болохыг харууллаа.

    Хариулах
  • 103.229.120.43
    3 цагийн өмнө

    Сайн охин байна. 174см 48кг ийм байж болохуу? Японы бөхтэй барилдахыг харсан үлэмж биетэн шиг санагдсан. Манай Урнаа уг нь 48-даа том гэдэг энэ охины хажууд жоохон юм байна.

    Хариулах