Туялзуур сэлэмний тамирчин бөгж зүүн гэртээ харилаа


Аргентин улсын туялзуур сэлэмний тамирчин Мариа Белен Перез Унгарын тамирчин Анна Мартонд 15-12 oнооны харьцаатай хожигдсоноор олимпын медаль зүүх боломжоо алдсан юм. Тэрээр медаль зүүгээгүй ч бөгж зүүн гэртээ харилаа.

Сэтгүүлчдэд ярилцлага өгч байхад нь түүний найз залуу “Надтай гэрлэх үү?” гэсэн бичигтэй цаас барин зогсож буй бичлэг сошиал орчинд тархсан байна. Найз залуу Лукас Гиллермо Сауседо нь түүний дасгалжуулагч бөгөөд тэд 17 жил үерхсэн гэнэ.

“Сэтгүүлчид надаас эргэж харахыг хүсэхэд би түүний бичсэнийг олж уншаад үнэхээр самгардлаа. Тэгээд би бүхнийг мартсан. Бид маш их аз жаргалтай байна. Бие биедээ маш их хайртай, насан туршдаа хамт байхыг хүсэж байна” гэж Маурис ярьсан байна.

Харин Сауседо хэлэхдээ “Би түүнд хайртай. Тэмцээнд хожигдсоны дараа сэтгэл санааг нь өргөж магадгүй гээд шууд санал тавьсан юм. Хэрвээ тэр хожсон бол би дараагийн боломжийг хүлээнэ гэж бодож байв” гэж ярьжээ.

Л.Лхагважав



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.