Currenta химийн үйлдвэрийн хүрээлэнд мягмар гарагийн өглөө 09:40 цагийн үед болсон дэлбэрэлтийн улмаас эхлээд нэг хүн амиа алдсан тухай оператор компаниас мэдээлж байсан бол орой нь дахин нэг хүн амь үрэгдсэн гэж мэдээллээ. Мөн дөрвөн хүн сураггүй алга болж 16 хүн шархаджээ.
Дэлбэрэлтийн дараа гарсан галыг унтраахад гурван цаг зарцуулсан байна. Леверкузен хотыг хар утаа бүрхсэн учир цагдаа нар оршин суугчдыг гэртээ байж, цонх хаалгаа хааж, агааржуулагчаа унтраахыг сануулжээ. Учир нь утаанд хортой бодис маш ихээр агуулагдаж байгаа юм.
Чемпаркийн /герман дахь химийн үйлдвэр/ хог шатаах цэг дээр гарсан дэлбэрэлтийн шалтгааныг одоогоор мэдээгүй байна. Чемпаркийн тэргүүн Ларс Фридрих "Бид сураггүй болсон хүмүүсийг хайж байгаа ч тэднийг эсэн мэнд олох найдвар тасарч байна" гэв.
Аврагчид сураггүй алга болсон хүмүүсийг хайж байна. Талбай дээрх гурван танкийг бүрэн болон хэсэгчлэн устгасан тул дэлбэрэлт хаана болсныг тогтооход хэцүү болжээ.
Дэлбэрэлтийн чимээ хэдэн километрийн зайд сонсогдсон аж. Цагдаа нар ойр орчмыг битүүмжилж, ойролцоох хэд хэдэн авто замыг хаажээ.
Эх сурвалж: ВВС
Б.Мягмарболор
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна