Технологийн салбарт тэргүүлэгч “Apple” компани жил бүрийн есдүгээр сард шинэ бүтээгдэхүүнээ танилцуулдаг уламжлалтай. Тэгвэл 2021 оны намар “Apple” компани “iPhone 13” ухаалаг гар утас болон III үеийн “AirPods” утасгүй чихэвчийг зах зээлд танилцуулах талаар мэдээллүүд гарч эхлээд байна.
Загвар дизайн
Дизайны хувьд “iPhone 12”-оос бага зэрэг өөрчлөгдөх төлөвтэй байгаа ч доош эгнэсэн хойд хоёр камерын загвараа диагональ хэлбэрээр байрлуулан өөрчлөхөөр төлөвлөсөн. Харин “iPhone 13 Pro” болон “iPhone 13 Pro Max” загварын камер нь өмнөх загвартай ижил байх ч зураг болон бичлэгийг мэргэжлийн түвшинд илүү нарийвчлал сайтай авах технологийг нэвтрүүлж байгаа аж.
Өнгө
Хар, мөнгөлөг, алтлаг ягаан, шаргал гэсэн дөрвөн өнгөний сонголттой байна. Үүн дээр хүрэн болон улбар шар өнгө нэмэгдэх магадлалтай.
Үзүүлэлт
Одоогоор “iPhone 13”-ийн үзүүлэлтийн талаарх мэдээллүүд хараахан ил болоогүй байна. Гэвч “Apple” компани өнгөрөгч долдугаар сард Тайванийн хагас дамжуулагч үйлдвэрлэгч “TSMC” компаниас 100 сая ширхэг зургаан цөм бүхий “Bionic A15” CPU худалдан авах гэрээ байгуулсан талаарх мэдээлэл нийтэд ил болсон. Тэгвэл мэргэжилтнүүд “Bionic A15” чип нь “iPhone 12”-той харьцуулахад 10-15 хувь илүү хурдан, логик нягтралыг бараг хоёр дахин нэмэгдүүлж, батарей ашиглалтыг 25-30 хувь хэмнэх боломжтой гэж тооцож байгаа юм.
Цэнэглэлт
Утасгүй цэнэглэгчид зориулагдсан утасны ард байрлах соронзон ороомог өмнөх загваруудыг бодвол илүү том, илүү хүчтэй соронз бүхий байх бөгөөд энэ нь утастай ойр байрлаж буй “Qi” бүхий төхөөрөмжийг давхар цэнэглэх боломжийг олгох юм
Үнэ
Шинэ загварын “iPhone 13” өмнөх “iPhone 12” загвартай ойролцоо үнээр худалдаанд гарах хүлээлттэй байна. Хамгийн хямд “iPhone 12 mini” нь 699 ам.доллараас эхэлж байсан бол хамгийн үнэтэй “iPhone 12 Pro Max” загвар 1099 ам.доллараар худалдаанд гарч байв.
А.Мөнхнаран
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна