Самсунгийн өв залгамжлагчид татвараа төлөхийн тулд 2 их наяд воны хувьцаагаа зарахаар болжээ

2021/10/12

Өмнөд Солонгосын түүхэнд хамгийн том өв залгамжлалын татварыг Самсунг Группын ерөнхийлөгч агсан Ли Күн Хэгийн гэр бүлийн гишүүд төлөхөөр болсон билээ.

Татвараа төлөхийн тулд саяхан түүний гэргий, хүүхдүүд Самсунг Группт багтдаг компаниудын нийт 2 их наяд воны ($1.67 тэрбум) үнэлгээтэй хувьцаануудаа зарах шийдвэр гаргасан байна.

Тухайлбал Ли Күн Хэгийн бэлэвсэн гэргий Хон Ра Хэ өөрийн Самсунг Электроникс компани дахь эзэмшлээсээ 19.9 сая ширхэг хувьцааг зарахаар болсноо энэ сарын эхээр Өмнөд Солонгосын санхүүгийн зохицуулах байгууллагад мэдэгджээ.

Энэ нь компанийн нийт хувьцааны 0.33 хувьтай тэнцэх бөгөөд 1.4 их наяд воны үнэлгээнд хүрэх юм.

Хувьцаагаа зарсны дараа Хон Ра Хэгийн Самсунг Электроникс дахь эзэмшил 1.97 хувь болж буурах ажээ.

Талийгаач ерөнхийлөгчийн хоёр охины нэг Ли Бү Жин нь Hotel Shilla компанийн гүйцэтгэх захирлын албыг хашдаг. Тэрбээр Samsung SDS компанийн эзэмшлээсээ 1.59 сая ширхэг хувьцааг 242.2 тэрбум воноор зарахаар болсон байна.

Нөгөө нэг охин нь болох Samsung Welfare Foundation сангийн гүйцэтгэх захирал Ли Со Хюн өөрийн Samsung Life Insurance компани дахь эзэмшлээсээ 3.45 сая, Samsung SDS дэх эзэмшлээсээ 1.5 сая ширхэг хувьцааг тус тус зарахаар болжээ.

Харин талийгаачийн ганц хүү болох Самсунг Электроникс компанийн дэд ерөнхийлөгч Ли Жэ Ён одоогоор ямар хэмжээний хувьцаагаа зарах талаар мэдээлэл ил болоогүй байна.

Өмнөд Солонгосын одоогийн хуулиар 3 тэрбум воноос ($2.5 сая) дээш хөрөнгө өвлөж байгаа хүн 50 хувийн татвар төлдөг. Хэрвээ талийгаач нь том компанийн гол хувь эзэмшигч байсан бол татварын хэмжээ 60 хувь болж өсдөг байна.

Энэ нь Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын (OECD) гишүүн орнуудын дундаж болох 25.3 хувиас хоёр дахин өндөр татвар юм.

Самсунг Группын ерөнхийлөгч Ли Күн Хэ өнгөрсөн оны аравдугаар сард нас барахдаа 19 их наяд воны үнэлгээтэй хувьцаа, 3 их наяд воны үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө, урлагийн бүтээлийн цуглуулга үлдээж байв.

Өв залгамжлагчид нь ойрын таван жилийн хугацаанд татвараа төлж барагдуулах үүрэгтэй. Ингэхдээ эхний нэг жилд нь нийт татварын зургааны нэг буюу ойролцоогоор 2 их наяд вон төлөх юм байна.

 

Эх сурвалж: Korea Times

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна