С.Амарсайхан: Монголоор дамжих байгалийн хийн хоолойн ТЭЗҮ-г баталж, дараагийн шатны ажлын түвшинд шилжсэн

Х.Есү
2022/01/26

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, гарсан шийдвэрийг танилцууллаа. 

Шадар сайд С.Амарсайхан: 

“Байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-г эцэслэн боловсруулж, хоёр тал албан ёсоор төслийн дараагийн шатны ажлын түвшинд шилжсэн.

Засгийн газар өнөөдөр ТЭЗҮ эцэслэгдсэнийг хүлээн зөвшөөрч, 2023, 2024 он хүртэлх эдийн засгийн үндэслэл дээр тулгуурласан дараагийн шатны инженер, техникийн болон ажлын зургийг боловсруулахад цаг алдалгүй эхлүүлж, ажиллахтай холбоотой үүрэг даалгавар өглөө. 

Анх 2019 оны араванхоёрдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа ОХУ-д айлчилж тэр үеэр энэ ажлыг эхлүүлэх бичиг баримтад гарын үсэг зурж байсан. Цаашдаа энэ ажил эрчимтэй үргэлжилнэ. 

2023, 2024 оноос өмнө зургийг нарийвчлан баталгаажуулж, үндсэн ажилдаа орно. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай Монгол Улсын Ерөнхийлөгч утсаар ярилцахдаа энэ төслийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцсон. 2003 оноос ярьж эхэлсэн энэ төсөл бодит ажил болох боломж бүрдсэнээр Монгол Улсын хувьд эдийн засгийн бүтцийг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны хүрээнд бүс нутгийн хэмжээнд Монгол Улсын үүрэг оролцоо нэмэгдэх боломжийг хийн хоолой төсөл бүрдүүлж байна" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна