ХААН Банк “Дэлхийн хуримтлалын өдөр-2022” аянд оролцож байна

2022/10/11

Дэлхийн хуримтлалын өдрийг одоогоос 100-гаад жилийн өмнө буюу 1924 оны 10-р сарын 31-ний өдрөөс дэлхий дахинаа тэмдэглэж иржээ. Хүүхэд, залуусын санхүүгийн боловсролыг дэмжиж, ирээдүйдээ зориулан хуримтлалтай болохын ач тусыг сурталчлан таниулах зорилготой энэхүү арга хэмжээг Монгол Улсад 2012 оноос хойш Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци болон арилжааны банкууд хамтран тэмдэглэж, жил бүр хуримтлалын аян өрнүүлж ирсэн уламжлалтай.   

Энэ жилийн тухайд “Дэлхийн хуримтлалын өдөр 2022” аяныг “Ирээдүйнхээ төлөө хуримтлуулцгаая” уриатайгаар 10-р сарын 10-31-ний өдрүүдэд Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын “Шпаркассе” банкны Монгол дахь сан, арилжааны банкууд болон бусад холбогдох байгууллагатай хамтран Улаанбаатар хот болон гурван аймагт илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулахаар төлөвлөөд буй.

Тус аяны нээлтийн арга хэмжээ өнөөдөр Завхан аймгийн Улиастай хотод болж, энэ үеэр эцэг эхийн хамт хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад ХААН Банкны Завхан салбарын хамт олон “Боловсрол хүүхдийн ирээдүй” хадгаламжийн бүтээгдэхүүн болон “Зорилготой хадгаламж” үйлчилгээгээ танилцуулж, гарын бэлгээр урамшууллаа. Мөн эцэг эхчүүд, оюутан залуус болон залуу гэр бүлүүдэд хуримтлалын хадгаламжийн бүтээгдэхүүнээ танилцуулан, хуримтлал үүсгэхийн ач холбогдлын талаар, зөвлөгөө мэдээлэл хүргэж, үндэсний хуримтлалын бэлгэ тэмдэг “Хуримтлалын тэмээ”-г таниулахаар ажиллаж байна. 

Аяны хүрээнд 10-р сарын 17-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт сум, 10-р сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хот, 10-р сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод нийтийг хамруулсан  нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах бөгөөд иргэд, олон нийтэд хүртээмжтэй ажиллахаар зорьж байна. Энэхүү арга хэмжээнд та бүхэн гэр бүлээрээ хүрэлцэн ирж, санхүүгийн боловсролоо нэмэгдүүлж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж хадгаламж нээлгээрэй.

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна