Гадаад харилцааны яам сайн ажилласан бол “Нүүрсний хулгай” ИЛЭРЧИХ байсан уу

2023/04/26

“Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс мөн үү” гэсэн асуултад уншигч Та шуудхан л “Тийм” гэж хариулах байх. Цагаан дээр хараар бичсэнээр, Үндсэн хуульдаа тунхагласнаар, НҮБ- ын өмнөх байр сууриараа бол өнөөдөр бид яах аргагүй туурга тусгаар улс.

Харин яг амьдрал дээр тусгаар улсын хэмжээнд тусдаа байж, дотооддоо асуудлаа зохицуулж, адаглаад л гадна талтайгаа зөв ойлголцож чадаж байна уу гэвэл “Тийм” гэж итгэлтэй хариулахааргүй түвшинд байна. Худалч хүн биеийн хэлэмжээрээ өөрийгөө илчилдэг шиг Монгол Улс, эрх баригчид маань онцгой чухал үед гаргаж байгаа шийдвэр, хийж байгаа үйлдлээрээ олон зүйл дээр эргэлзээ төрүүлээд байгаа юм л даа.

БНХАУ-ААС ИРЭХ ЁСТОЙ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЭЛ ЯАВ

Улс гэр маань өнөөдөр гаднаасаа хэдий тусгаар тогтносон, бүрэн эрхтэй, улс шиг улс харагдавч үнэн хэрэгтээ хоёр хөрштэй эн тэнцүү харьцаж чадахгүй л байна. Хүн эцэг, эхээ сонгож төрдөггүй шиг бид ч бас хөршөө сонгох боломж үгүй. Статус ижилийнхээ хувиар хөршүүдтэйгээ олон улсын хэм хэмжээний дагуу тэнцүүхэн харьцах, уран нүүдэл хийх боломж бол бий. Харамсалтай нь, өмнө нь шатахууны хомсдолын үеэр, сүүлд нүүрсний хулгайн хэрэг дээр  Манай улсын гадаад харилцаа хөрш орнуудтайгаа ойлголцох хэмжээнд байж чадахгүй байгааг харууллаа шүү дээ. “Нүүрсний хулгай” гэх хэргийн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь олон зуун мянган тонн нүүрс хилээр хяналтгүй урссан, ноцтой хэрэг. Гэтэл хөрш орон мэдээлэл өгөхгүй байна гэдэг ганц тайлбартай хэдэн сар сууж байж болох уу.

Уг нь ийм үе бол Гадаад харилцааны яамны тодорч харагдах ганц алтан боломж. Угаас тэгэх ч ёстой. Гэтэл Хятадын тал одоо хүртэл монголчуудын хувьд маш чухал байгаа “Нүүрсний хулгай”-г илчлэх баримтуудыг гаргаж өгөхгүй хэвээр, Гаалийн байгууллагуудын статистик тулгалтыг хүлээхээс өөр аргагүй байдалтай байна. 

Манай  хуулийн байгууллагын удаа дараагийн хүсэлтийг няцаасан Хятадын гаалийн байгууллага одоо статистик тулгалтаар гаргаж өгнө гэдэг эргэлзээтэй. ХЗДХЯ-наас Гадаад харилцааны яамаар дамжуулж гаргасан хүсэлт л гол найдлага болоод байна. Гэтэл хүсэлт хүргүүлснээс хойш хэдэн сар өнгөрчихөөд байхад таг чиг байгаа нь юуных вэ. “

Нүүрсний хулгай” гэх хэрэг улс төр болж, улстөрд нөлөөтэй олон хүнийг хөлдөө чирсэн. Хүмүүсийн анхаарал төвлөрснийг ашиглаад улс төрийн өрсөлдөгч нараа энэ эргүүлэг рүү оруулж, нэр холбогдуулах оролдлого ч явагдсан. Одоо ч өч, төчнөөн хүний амьдрал хаашаа шийдэгдэх нь тодорхойгүй, БНХАУ-аас баталгаажуулах мэдээлэл хүлээж байна. Товчхондоо Нүүрсний хэрэг халуун хэвээр, жаахан өдөөхөд улс орны эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд дүрэлзэн шатахад бэлэн байна. Гэтэл гол ажлыг хийх ёстой Гадаад харилцааны яам ажиллаж байгаа нь мэдэгдэхгүй чимээгүй суусаар байгаад гайхаж байна. Монгол Улс өөрийн гэсэн сонирхол, эрх ашигтай тусгаар тогтносон бүрэн эрхт улс боловч тэр хэмжээндээ гадаад бодлого явуулж чадахгүй байгаагийн нэг л жишээ эндээс харагдаж байх шиг. 

Эшлэл

"Нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг мөрдөн шалгаж байна. Монгол Улсын хилээр бүртгэлгүй бараа гаргасан эсэхийг мөн шалгаж байгаа. Эрх зүйн талаар харилцан туслалцаа үзүүлэх гэрээний хүрээнд нүүрсний гэх эрүүгийн хэргийг шалгах явцад БНХАУ-ын Гаалийн байгууллагаас тодорхой мэдээлэл авах шаардлагатай. ГХЯ-аар дамжуулан, ХЗДХ-ын яам БНХАУ-ын Дотоод хэргийн яаманд албан бичиг хүргүүлсэн"

Х.Нямбаатар /ХЗДХ-ийн сайд/, 2022.XII.07

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХАНГАЛТТАЙ САЙН АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

Гадаад харилцаа бол ямар ч улс орны хувьд хамгийн амин чухал салбар байдаг. Дэлхийн бодлого тодорхойлдог том гүрэн, эсвэл ганц хоёрхон улстай хиллэдэг онцлогтой байх тусмаа ач холбогдол нь улам ихэснэ.

Жишээ хэлье. Дэлхийн хамгийн хүчирхэг, олон улсын бодлого тодорхойлдог их гүрэн АНУ-д Гадаад харилцааны яам нь илүү чухал бөгөөд сайд нь Төрийн нарийн бичгийн дарга хэмээгдэн Ерөнхийлөгчийн дараагийн зиндаанд эрэмбэлэгддэг бол ганц Италитай хиллдэг далайд гарцгүй Сан Марино улс Гадаад харилцааны сайдаа мөн Төрийн нарийн бичгийн дарга гэж нэрлэн, улс орноо бүрэн төлөөлөх эрхийг олгодог.

Тусгаар тогтнол, санал санаачилга, статус бусад улсаар хүлээн зөвшөөрүүлж байж л баталгааждаг гэдэг утгаараа бүх улсын хувьд энэ салбар маш чухал. Том гүрний захиргаанд орсон, түшмэг улс, нэг бол бүр нэг муж болчихсон улсуудад харин гадаад харилцааны салбар онц чухал биш байдаг.

Энэтхэг, БНХАУ, ОХУ-ын дурын нэг БНУ-аар жишээ авч болно. Тэнд Сангийн сайд, Хөдөө аж ахуйн сайд гээд улс оронд байдаг бүх л салбарын сайд байдаг ч Гадаад харилцааны сайд л байхгүй. Яагаад гэвэл тусгаар тогтносон бүрэн эрхт улс биш учир тийм шаардлага ч үгүй.

Харамсалтай нь, Монгол Улс яг энэ жишгээр, гадаад харилцаанд ач холбогдол өгөхөө больж, статус, үнэлэмжийг нь буулгаад байна уу гэж гэж санагдана.

Бүрэн эрхт, тусгаар тогтносон ихэнх улсад Ерөнхий сайд ямар нэг шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болоход Гадаад харилцааны сайд орлодог нийтлэг жишиг бий. Манайх эхэндээ тийм байсан. Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлсэн эрхмүүдийн дунд Ням-Осорын Туяа хэмээх нэр бичигдсэн нь үүний гэрч мөн. Тэр бол Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж байсан Гадаад харилцааны сайд байсан хүн. Түүнээс хойш улс орны хувьд Гадаад харилцаанд ач холбогдол өгөх нь багассаар сүүлдээ байсан, байгаагүй ялгаагүй газар болж хувирах тийшээ хандчихлаа. Ер нь ямар ч салбарыг мэргэжлийн боловсон хүчин л авч явдаг бичигдээгүй хуультай. Харин улс орондоо онцын ач холбогдолгүй, байсан байгаагүй ялгаагүй, боловсон хүчин нь ажил хийдэггүй, хийх ч шаардлагагүй газарт бол хэнийг ч томилсон ялгаагүй.

Тэгвэл Монгол Улсын Гадаад харилцааны салбар яг ийм болчихлоо. Эхлээд Гадаад харилцааны сайд Ерөнхий сайдыг орлодгийг болиулсан (Н.Алтанхуягийн танхим 2014 оны аравдугаар сарын 5-нд огцроход Шадар сайд Д.Тэрбишдагва орлосон).

Энэ бол гадаад харилцааны салбарын байр суурь өмнөхөөс дордсоны шинж мөн. Салбарын боловсон хүчний бодлогод нөлөөлж, чадавхгүйжүүлэх үйл явц эхлээд үргэлжилж байсан нь үүнд хамгийн ихээр нөлөөлсөн.

Монгол хүний хувьд энэ талаар бичихэд маш хэцүү байна, гэхдээ гадаад харилцааны салбарт хэрэгжүүлж байгаа бодлогод үнэндээ урагштай юм алга. ААН-үүд нь баруун руу биш юм гэхэд хоёр хөрш рүүгээ гурваас дээш ширхэг бүтээгдэхүүнээ гаргаад зарчих нөхцлийг л бүрдүүлж чадахгүй байна шүү дээ.

ХАР ТАМХИНЫ МАФИ, ЦӨЛЛӨГ

“Хар тамхины мафи”, “Цөллөг” гэх нэршлийг хараад уншигч танд олигтой юм бодогдохгүй байгаа нь лавтай. Энэ бол Монголын гадаад харилцааны салбарт хүмүүсийн өгсөн нэр. Заримыг нь дотор нь ажиллаж байгаа дипломат гэх нөхөд өөрсдөө өгсөн. Зөвхөн дээрх хоёр биш. “Томчуудын хүүхдүүдийг зугаацуулдаг газар”, “Тэтгэвэртээ гарсан улстөрчдийг асрах газар” гээд өөр нэршил ч бий. Аль аль нь л олиггүй сонсогдоно. Гэхдээ гашуун ч гэсэн энэ үнэн юм.

Дээрх нэршил яагаад бий болсныг тайлбарлаж, тодорхой кэйс, томилгоонуудыг тоочвол хэтэрхий их цаг орох учраас болиод энэ байдалтайгаа эвлэрээд явах уу цаашид ямар нэг юм хийх үү гэдэг талаар бичвэл арай л өгөөжтэй байх.

Улс төрийн томилгоо гэдгээр халхавчилж, намд нөлөөтэй хүнээр салбарын сайд тавьдаг, нэг хүн огт өөр чиг үүргийн яамдыг ээлжлэн толгойлдог завхрал улс орны бүх салбарыг хүчгүйдүүлж, алдагдсан боломж үүсгэсэн. Гэхдээ л гадаад харилцаа шиг ихээр хохирсон салбар өөр бараг байхгүй дээ.

Монголоос өөр хэл мэдэхгүй, компьютер асааж чадахгүй хүн улс төрийн томилгоогоор яваад очиход тэр улстай харилцах харилцаа муудаж л таарна. Гаднынхан эхлээд Элчин сайдын яам, Консулын ажилтнуудыг тоохоо болино, дараа нь Монгол Улсыг тоохоо болино. Харин дипломат эрх ямбыг нь ашиглах гэсэн буруу гарын нөхдүүд бол тэр дор нь хүрээлээд авдаг.

Гадаад харилцаа бол хоёр их хөрштэй жижиг Монголын хувьд амин чухал салбар шүү дээ. Гэтэл чадваргүй хүн томилдог, байж болох бүх л аргаар орон тоо нэмж ажлын байр бий болгодог муу арга нэвт шингээсэн байна. Төсвийн мөнгөнд халгаатай “дэд” гэх тодотголтой албан тушаалууд ч адилхан. Одоо энэ байдлыг өөрчлөх цаг болсон. Салбар бүрт мэргэжлийн боловсон хүчнийг томилж чадавхижуулах ажлыг Гадаад харилцааны яамнаас эхлэх ёстой.

Хоёр хөрштэй харилцах харилцаа цаашдаа улам л төвөгтэй болох төлөвтэй. Тэдэнд ашигтай шийдвэрийг манай улстөрчид л гаргаж байгаа нь үнэн шүү дээ. “БНХАУ, ОХУ ойр байх тусмаа Монголд ашиггүй” гэдэг логик бий. Тэгвэл одоо хоёр хөршийн харилцаа хэзээ ч байгаагүй найрсаг түвшинд байна. Энэ үед чухамхүү Гадаад харилцааны салбар хүчирхэг байж гэмээ нь харилцааг тэнцвэржүүлж, улс орныхоо эрх ашгийг хамгаалж чадна. Гамшиг болсон гадаад харилцааг одоо аврахгүй л бол яваандаа монголчууд Монгол нутагтаа амьдрахад түвэгтэй болох вий.

Х.Батсайхан



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.135.42
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах