Д.Оюунхорол: Би ядарсан үедээ гитар тоглодог


Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол өнөөдөр аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар яам, Засгийн газрын түвшинд хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тэрбээр сошиал ертөнцөд ярианы сэдэв болж буй Хятад иргэдийг визгүй зорчуулах, албан өрөөндөө зохисгүй үйлдэл гаргасан гэх фото зураг, ойн цэвэрлэгээ нэрийдлээр их хэмжээний мод бэлтгэсэн гэх анхаарал татсан асуултад хариулт өглөө.

Тэрбээр цахим ертөнцөд тархсан зургийнхаа талаар “Тэр зургийг гаргаж тавьсанд би өөрөө ч гайхсан. Нэгдүгээрт  албан өрөө  ерөөсөө биш. Би 20 жил улстөрд явж байна. Би амьдралдаа худал ярихыг тэвчдэггүй. Өөрийнхөө байгуулсан сургуульд охиныхоо өрөөнд байгаа зураг. Тэр өрөө бол яамны ч өрөө биш, Төрийн ордны ч өрөө биш. Би ядарсан үедээ гитар тоглодог. Тоглох ч дуртай. Тэгээд ч миний хувьд архи ууж чаддаггүй. Миний бие ч хүлээж авч чаддаггүй. Тэр зургийг тараасан хүнийг би мэднэ. Ер нь хүн чанарын хэлтэрхий гэж байна уу даа гэж бодоход хүргэж байна" гэлээ.

Мөн, хятад иргэдийг визгүй зорчуулна гэсэн мэдээллийн талаар, "Ер нь бол аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай байна гэдгийг аймгийн удирдлагууд санал болгосон. Дорнод аймгийн хилээр орж ирээд Дорнод аймгийн үзэх гэсэн жуулчид Улаанбаатар орж зөвшөөрөл аваад Дорнод явдаг байдал төвөгтэй байна гэсэн. Бүлэг жуулчдыг орж ирэхэд визний асуудлыг хөнгөлөх асуудлыг ГХЯ-тай хамтран ажиллаж байна. Үүн дээрээ яаж хөнгөлөлт үзүүлэх вэ гэдгийг нарийн авч үзэх хэрэгтэй байна. Монгол Улсад БНХАУ-ын иргэдийг визгүй оруулах гэдэг асуудлыг огт яриагүйгээс гадна, ярихгүй гэдгийг хэлж байна" хэмээн хариулав

Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна