Орж ирээ ч үгүй Оюутолгойн ногдол ашгийг бордооны үйлдвэр, сургуулийн дотуур байр, дулааны станц, боомтын шинэчлэлд төсөвлөжээ

С.Гандэлгэр
7 цаг 6 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газраас 2027 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа билээ. Ингэхдээ энэ оны төсвөөс 10 их наядаар нэмэгдүүлж, 43.6 их наяд төгрөгийн зарлагатай байхаар төлөвлөөд буй.

Засгийн газрын зүгээс дээрх огцом нэмэгдлийг "Чөлөөлье" санаачилгын хүрээнд уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбар дахь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийн орлого" гэж тайлбарлаад  "Үндэсний баялгийн сан болон улсын төсөвт ногдол ашгийн орлого хэлбэрээр төвлөрүүлэх, мөн зарим томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхээр төсөвт тусгасан" хэмээн ярьж байгаа. 

Төсвийн тэлэлтэд жин дарж буй хэсэг бол “Оюутолгой” компаниас орж ирнэ гэж тооцоолж буй ногдол ашиг. Монголын талд гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авах гол нэмэлт орлогод тооцогдож байгаа бөгөөд үүний хоёр их наяд төгрөгийг улсын төсөвт, нэг их наядыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэхээр тооцоолсон байна. 

Гэвч, энэ нь ирэх оны төсөвт төвлөрөх эсэх нь ч тодорхойгүй бөгөөд баталгаагүй хэвээр байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоож, орж ирээгүй ногдол ашгийг "Алаагүй баавгайн арьс"-тай зүйрлэж буй.  

Сүүлд "Оюу Толгой" компанийн 2026 оны эхний найман сарын тайланг танилцуулах уулзалтын үеэр "Оюу Толгой" компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх "2027 онд ногдол ашиг хуваарилна. Ногдол ашиг хуваарилахын тулд компанид хийх ёстой гурван зүйл бий.

  1. Сайн ажиллаж, ашигтай байх ёстой. Мөнгөн урсгал тогтвортой, уурхайг аюулгүй бөгөөд үр өгөөжтэй ажиллуулах.
  2. "Оюу  Толгой" компанийн хамт олон хоёр хувьцаа эзэмшигчийн дунд гүүр нь болж ажиллана. Шийдэл, боломжит хувилбаруудыг хоёр талд санал болгон ажиллах.
  3. Хувьцаа эзэмшигчдээс гадна зээлдүүлэгч талуудтай хамтран ажиллана. Бид зээл төлөх байсан бүх мөнгөө хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгаар өгчихвөл зээл өгсөн талууд маань сэтгэл дундуур байх учраас зөвшилцөнө. Компани үр өгөөжтэй ажиллаж, зардлаа танаж, илүү их мөнгөн урсгалыг бий болгоно, зээлдүүлэгч нартайгаа дахин хэлэлцээр хийнэ, хүүг бууруулах гэх зэргээр ажиллана" гэсэн нь ч ногдол ашиг орж ирэх болоогүй гэдгийг сануулж байгаа мэт. Нөгөө талд Засгийн газар ирэх оны төсөвтөө тусгаад УИХ-д оруулаад ирлээ. 

Тэгвэл орж ирэх эсэх нь тодорхой болоогүй энэхүү гурван их наяд төгрөгийн ногдол ашгийн төсөвт зарцуулахаар тусгасан хоёр их наяд төгрөгийг аль салбарын ямар төслүүдэд зарцуулахаар болсныг та бүхэнд хүргэе. 

Боловсрол 

Боловсролын салбарт Оюутолгойн ногдол ашгаас орж ирж буй мөнгөний 29 хувийг зарцуулна. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчний системд холбогдсон, олон улсын хөтөлбөртэй, ногоон, ухаалаг 100 сургууль барина. Мөн бүсийн төрөлжсөн ахлах сургуулийн 18 дотуур байр барихад 257 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. Дундажлаад үзэхэд, нэг бүрийг нь 14.3 тэрбум орчим төгрөгөөр барина гэсэн үг. 

Эрчим хүч 

Улсын төсөвт эрчим хүчний салбарт 3,982 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 79 төслийг санхүүжүүлэх бөгөөд ирэх онд 1,4 их наяд төгрөгөөр санхүүжих аж. Эндээс Оюутолгойн ногдол ашгаас  263 мбт-ын хүчин чадал бүхий есөн аймгийн дулааны станцыг санхүүжүүлнэ.

Үйлдвэрлэл 

Дараах дөрвөн төслийг Оюутолгойн ногдол ашгаас санхүүжүүлнэ: 

  • Шинэ ховд үйлдвэрлэл, технологийн парк, арьс ширний үйлдвэр - 4,5 тэрбум /Нийт төсөвт өртөг 24,8 тэрбум/
  • Баянхонгор аймагт ноосон бордооны үйлдвэр - 5 тэрбум 
  • Биокомбинатын малын вакцины үйлдвэр - 5,1 тэрбум 
  • Өвөрхангай аймагт Хангайн бүсийн тээвэр логистикийн төв - 30 тэрбум

Боомт 

Хавирга хилийн боомтын 35 кВ-ын 1 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, Бургастай хилийн боомтын 35 кВын 1 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын өргөтгөл - 14 тэрбум 

  • "Арцсуурь" хилийн боомтын шинэчлэл - 51,75 тэрбум
  • "Ханги" хилийн боомтын шинэчлэл - 63,57 тэрбум 

Экспортын цөөхөн бүтээгдэхүүнээс хамааралтай Монголын эдийн засаг төсвөө хэт тэлэх нь эрсдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа. Түүнчлэн орж ирээгүй, яг хэзээ өгөх нь ч тодорхойгүй ногдол ашигт найдан 100 гаруй төсөл хөтөлбөрт төсөвлөх нь төсвийг сахилга батгүй болгож, эрсдэлийг нэмэгдүүлж байна... 

Энэ талаар ч Оюутолгой ХХК-иас үйл ажиллагаа доголдох, ногдол ашгийн хэмжээ төсөөлснөөс бага байх, компанийн мөнгөн урсгал хүрэлцэхгүй байх тохиолдлыг дурдсан байгаагаас харж болно. Тиймээс төсвийг өргөн барьсан Засгийн газар, төслийг хэлэлцэх УИХ учирч болох эрсдэлүүдийг бүрэн тооцож, төсвийн алдагдал үлэмж хэмжээгээр нэмэгдэх эрсдэлтэй гэдгийг тооцох хэрэгтэй болно. 

Тийм ч учраас төсөв бол зөвхөн орлого, зарлагын тоон хүснэгт бус, орлого тасарсан үед ч төрийн санхүү тогтвортой байх эрсдэлийн төлөвлөгөө байх ёстой юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна