Н.Жанцанноров: Энэ төрд, ард түмэндээ маш их өртэй. Энэ өрөө дарахын тулд бид маш их зүтгэх ёстой


Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж хөгжмийн зохиолч, төрийн хошой шагналт Н.Жанцанноров, төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор олголоо.

Шагнал гардуулах үеэр, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав,  "Том баярын өмнө хоёргүй сэтгэлээр хөгжмийн урлагт 50 зүтгэсний маань үр шим над дээр болон манай гэр бүлд ирж байна гэж бодож байна. Гэхдээ энэ бол миний зөвхөн гавьяа биш юм. Манай нөхдүүдийн маань миний дууг дуулдаг хөгжимчдийн маань гавьяа юм. Мөн Монголын ард түмний минь хийж бүтээсэн урлагийн ач юм. Түүнийг түшиж явсны маань ач гавьяа билээ. Миний хийсэн бүтээснийг үргэлж дэмжиж байдаг Монголынхоо ард түмэн болон төр засагтаа маш их баярлалаа гэдгээ хэлье. Үнэхээр сайхан өдөр байна. Цаашдаа хөгжмийн урам бүтээлээ улам өндөрт хөгжүүлж авч яваарай гэж хэлмээр байна" гэв.

Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, "Монголчуудын тусгаар тогтнолоо баталгаажуулахад их чухал үүрэгтэй, баяр цэнгэлийн манлай болсон Үндэсний их баяр наадмын өмнөхөн Монгол Улсын төрийн тэргүүн, Ерөнхийлөгчийн нэг зарлигаар Монгол Улсын гарамгай хөгжмийн зохиолч Б.Шарав бид хоёрт Монгол Улсын төрийн дээд цол Хөдөлмөрийн баатар гэдгийг гардууллаа. Бид төрийнхөө энэ хишгийг их гүн хүндэтгэлтэй хүлээж авлаа. Бидний насан туршдаа зүтгэсэн хөгжмийн урлагийг Монголын төр үнэ цэнэтэй юм байна гэдгийг баталгаажуулж байна. Аливаа төрийн дээд шагнал бол тухайн хувь хүний овог нэр гэхээсээ илүүтэй түүний хийж бүтээсэн бүтээлийг үнэлж цэгнэж дахин баталгаажуулж байгаагийн гэрч бөгөөд бас түмэн олноо ийм бүтээл туурвил хийж өөрийнхөө мэргэжил болгоноо, авьяас чадвараа сорьж ингэж ажиллаж байхыг уриалан дууддаг нэг ёсны их чухал зүйл гэж би ойлгодог. Бид ойрын өдрүүдэд тусгаар тогтносон эх орноороо, нутаг усаараа, авьяас чадвараараа бахархан өнгөрөхөө цаг ирлээ. Энэ цаг үед монголчууд бид бие биенээ маш сайн ухаарч, ойлгож энэ сайхан орноо тусгаар байлгаж үр ачдаа үлдээхийн төлөө бид зүтгэх ёстой. Миний хувьд Монголынхоо үндэснийхээ соёл урлагийн төлөө чадах бүхнээрээ зүтгэх болно. Өчигдөр миний хүү шагнал авахыг сонсоод би хүүдээ жоохон алиалж хэлж байлаа. Татвар төлөгчдийн мөнгөөр 20 жил үнэгүй сургуульд сурсан. Энэ төрд, ард түмэндээ маш их өртэй шүү. Энэ өрөө дарахын тулд бид маш их зүтгэх ёстой.  Та бүхэн сайхан нутагтаа сайхан наадаарай"  гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна