Хятадад суралцдаг 250 орчим монгол оюутан коронавирусын дэгдэлт их үед нутаг буцжээ

2020 оны 01 сарын 22

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр БНХАУ-ын Ухань хотод анх бүртгэгдэж дэлхий нийтийг айдаст автуулаад буй Коронавирус нь мал амьтнаас хүнд мөн хүнээс хүнд агаар дуслын замаар халдварладаг нь нэгэнт тодорхой болжээ. Өнөөдрийн байдлаар Коронавирусын халдвар авсан хүний тоо 440 болж, 9 хүн нас барлаа.

Энэ вирус нь мутацид орж цаашид хурдан хугацаанд тархах эрсдэлтэй гэж Хятадын албаны хүмүүс анхааруулж байна. Өвчний голомт болох БНХАУ-ын Хүбэй мужийн Ухань хотод Монгол улсын 250 орчим оюутан суралцдаг. Эдгээр оюутны 80 гаруй хувь нь өвчин илэрсэн 12 сарын 30-наас 1 сарын 20-ны хооронд Монголруу буцжээ.

ГХЯ, ЭМЯ, БНХАУ-ын Монголын элчин сайдын яамнаас өнөөдөр л Монголруу өвлийн амралтаараа буцсан эдгээр оюутнуудаас хэзээ Монгол буцсан тухай мэдээлэл судалгааг авч байна. Мөн Монголчуудын ихээр зорчдог Бээжин хотод тус өвчний хоёр ч тохиол нэмж бүртгэгдсэн байна. Тиймээс энэхүү өвчний аюул Монголоос хол гэх ойлголт учир дутагдалтай. Урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг сайн дагаад онц шаардлагагүй бол Хятад улс руу зорчихгүй байхыг анхааруулж байна. 

Түүнчлэн өнөөдрийн байдлаар 400 орчим хүн өвчилсөн гэх боловч Хятадуудын дунд 1000 хол давсан гэх дам яриа гарсаар байгаа аж. Учир нь хаалттай засаглалтай улс тул нийтийг айдаст автуулахгүйн тулд олон нийтэд мэдээллийг нууцалж буй юм. Уг вирус сарьсан багваахайнаас хүнд халдсан байх магадлалтай гэнэ.

Т.Очир

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.