Р.Эмүжин: Монгол хүүхнүүдийн мохошгүй суу залийг харуулаад өг

2020 оны 02 сарын 11

Хүүхнүүд ээ, утас зүүгээ аваарай, уран шаглаагаа хийгээрэй

Амны хаалтаа дуусгаад амжиж оёод зүүчихсэн хүн байна аа. Өчнөөн хүний аминд хүрчихээд байгаа өөдгүй энэ вирусээс хамгаалж чадах харьшгүй хүчит зэвсэг чинь амны хаалт болчихоод байгаа шүү дээ. Ханиаж найтаасан хүний шүлс найман метр газар үсэрдэг гэж байгаа. Энгийн үед нэг метр газрыг ядах юмгүй туулаад эвгүй муухай ханиад чамаас надад, надаас нөгөө хэнд халдварлана гэсэн үг. Коронавирусаар өвчлөгчдийн тоо хоногт мянгаар, нас барагсдын тоо өдөртөө зуугаар нэмэгдэж байхад өөрийгөө болон хайртай хүмүүсээ бид л авран хамгаалж чадна. Аа тийм, самбайгаар хийсэн амны хаалт ус цан татахгүй, уур манан болж зовоохгүй сайн талтай юм билээ. Зургаа давхарлаад оёчихлоо.

За тэгээд эхний удаад утас зүү нийлүүлэхээс төвөгшөөгөөд халаадаг цавуугаар наагаад үзсэн гэж байгаа. Яахав, ядчихсан л юм болсныг нь хаяж амрав. Оосор сэнжийг нь үү, цагаан утсаа найм давхарлаж имхэрдээд хийчихсэн. Болдог л юм байна. Арван минут л зарцуулсан, ахиад ч гэр бүлийнхээ хэрэгцээнд оёх болно. За та нар минь зүрх хуваалцдаг, өвөр хуваалцдаг, хайр хуваалцдаг, хоол цай хуваалцдаг, агаар хуваалцдаг, амьдрал хуваалцдаг хайртай бүх хүнээ амны хаалттай гадагшаа гаргаж, ирэхэд нь инээж угтаад ариутгаарай. Аа тийм, тагтай нойтон сальфетка аваад дотор нь цэнхэр спирт, архи хийгээд үүдэндээ тавьсан, машиндаа үргэлж авч явж байгаа, арай жижгийг нь цүнхэлсэн.

Гадуур амны хаалтгүй арзайлдаад, хамгаалалтгүй ханхалзаад, ариутгагчгүй алхайгаад байгаа гэр бүлийнхэн болон үр хүүхдүүддээ халаасны нойтон салфетканд спирт, архи хийгээд өгөөд явуулчихад гэмгүй.

Үнэрийг нь авхаараа үргэлжлүүлж уучих гээд байдаг нөхдүүдэд харин хлормин найруулаад салфетканд нь хийгээд бариулчих, амар зүгээр. Нээрэн, машин тэрэгнээс архи спирт үнэртээд байхаар цагдаа ах эхэндээ цочно, эцэстээ ойлгоод тасхийтэл ёслоод үлдэнэ...хэзээ байхдаа бид амны хаалтаа ч хийж чадахгүй хүнээс гуйж, төрөөс нэхэж, гаднаас царайчилж байлаа даа, монгол хүүхнүүдийн юмханаар юм хийдэг мохошгүй суу залийг харуулаад өг.

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 02 сарын 11
98.244.106.112
Хэнчбиш

Сайхан санаа дэвшүүлж уриалсанд талархаж байна Оосрыг хиихдээ утсаа имхэртэж болохгүй байх аа найм давхарлаад нийтгэчихээрэй

2020 оны 02 сарын 11
203.91.115.42
1111

Zolbootoi huuhen shuu, zugeer.\n