Нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдаан болж, Нийслэлийн 2024 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Ирэх оны төсвийн төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хийв. Төсөлд нийслэлийн төсвийн орлогыг 2,598.9 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн байна. Энэ нь 2023 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 652.8 тэрбум төгрөгөөр буюу 33.5 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 29.9 хувиар өссөн дүнтэй байна. Төсвийн төслийн тооцоогоор 2024 онд нийслэлийн төсвийн орлогын 93.1 хувь буюу 2.4 их наяд төгрөгийг татварын орлогоор, үлдэх 6.9 хувь буюу 180.4 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр төлөвлөсөн.