Өнөөдөр болох АЗХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ

Zuv.mn
2023/12/18

Ардчилсан залуучуудын холбооны чуулган өнөөдөр хуралдаж, даргаа сонгоно. 2022 онд их хурлаа хуралдуулж, шинэ даргаа сонгосон АН салбар байгууллагуудаа шинэчлэн зохион байгуулах ажлаа үүгээр дуусах учиртай. Өөрөөр хэлбэл, дотооддоо бүрэн цэгцэрч, сонгуульд анхаарч эхлэх юм. 

Холбооны Ерөнхийлөгчид Монхоогийн Амгаланбаатар, Буянаагийн Ган-Очир, Булганбаатарын Батзаяа гэсэн төөлбөл нуруу чацуу, тоолбол нас ойролцоо гурван залуу нэр дэвшээд буй. Гэхдээ үзэл санаа, дэвшүүлсэн зорилго, ажлын туршлага, ард нь байгаа дэмжигчдийг нь харвал яах аргагүй ялгаа, давуу, сул талууд гарна. 

Жишээ нь, Б.Ган-Очир хууль зүйн ухааны доктор, АН-ын шат, шатны байгууллагад удирдах алба хашиж явсан, нөгөө хоёроосоо улстөрчийн туршлагаар ч, боловсролоор ч илүү. Гэсэн ч ялах нь намын эв нэгдэл, бат бэх байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдалд байгаа. 


Х.Баттулгын талынхан Лу.Гантөмөрийг дарамталж, фракцаасаа олон дэд дарга тавиулсны дээр Дотоод сонгуулийн хороог авч, тэр давуу талдаа дулдуйдан Нийслэлийн намын даргаар Т.Батцогтыг томилуулсан гэдэг яриа гарсан. Т.Батцогтын энэ ялалт намын бүтцэд фракцуудын эрх ашгийн тэнцвэрийг хангасан чухал ач холбогдолтой байсан ч одоо нэмээд АЗХ-г авна гэвэл нам дотроо ЖАН гэж адлагддаг Х.Баттулгын талынханд илүү эрх мэдэл төвлөрч, энэ нь намын тогтвортой байдалд нөлөөлнө гэсэн санаа юм. 

АН хэрвээ фракцуудын эрх ашгийг хангах замаар намын эв нэгдлийг бататгах бодлого барьж байгаа бол Б.Ган-Очирт боломж байхгүй, сонгогдлоо гэхэд намын нэг сул тал болно. Намд Х.Баттулгын нөлөө ихсэхээс болгоомжилсон энэ нөхцөл байдалд залуус анхаарлаа хандуулбал Б.Ган-Очирын саналд муугаар нөлөөлж мэднэ гэсэн үг. 

Б.Батзаяагийн хувьд, өнгөрсөн жил “Educational Zone Technology LLC” компанийн захирлаар, энэ жил УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр томилогдсон, шинэ залуу байна. Нам эвлэлийн байгууллагад ажлын гараагаа 2016 оноос Нээлттэй ардчилсан нам шинэчлэлийн хөдөлгөөний зохицуулагчаар эхэлж байжээ. 


Тэрбээр нэр дэвшсэн зорилтоо сэтгүүлчдэд “Залуусын амьдрал хүнд байна. Асуудлыг шийдэхийн тулд залуучуудыг улс төрд оруулах нь чухал” гэж ярьсан. Өөрийгөө “Түүчээ нь болоод орж байна” гэжээ.

 Монхоогийн Амгаланбаатар нь АЗХ-ны ЕНБД-аар олон жил ажилласан туршлагатай. Нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авах үедээ хэрвээ сонгогдвол ямар бодлого барьж ажиллахаа товч илэрхийлсэн гэж дээр дурдсан. Тэр үед зорилгоо явцуу биш, хамгийн энгийнээр илэрхийлсэн нь М.Амгаланбаатар байсан. Б.Ган-Очир Монголын гол дайсан ядуурал болохыг зарлаж, үүнтэй тэмцэхийн тулд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг төрийн эрх мэдлээс авч хаях ёстой гэсэн бол Б.Батзаяа мөн ижил “Болохгүй байгаа хүмүүсийг улс төрөөс өшиглөе” гээд, “Оронд нь залуу хүмүүс төрийн эрх мэдэлд очих ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн.

Б.Ган-Очир нэр дурдсан хоёр хүн биш л бол ядуурал арилчих мэт, МАН дахиад эрх барьсан ч болох юм шиг ярьсан бол Б.Батзаяа төрийн өндөр түвшинд үе солигдох ёстой, үүний тулд залуу хүмүүс албан тушаалд томилогдох ёстой, үүний төлөө ажиллана гэсэн санааг илэрхийлсэн. Харин М.Амгаланбаатар “2024 оны ялалтын гол хүч нь залуучууд байх тэр орчин нөхцөлийг бүрдүүлнэ” гэснээрээ агуулгын хувьд өргөн байж чадсан гэж харлаа. 

Нөгөө хоёр нэр дэвшигч хувь хүн рүү чиглэсэн, түүнчлэн настай даргыг огцруулж, залуус өөрсдөө дарга болох санааг дэвшүүлсэн бол М.Амгаланбаатарынх нэр дэвшүүлэлт, сонгуулийн идэвхийг аль, алиныг нь хамруулснаараа илүү байв. 

Бидэнд одоо тулгараад байгаа асуудлууд олон шалтгаантай ч Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан төр барьж байгаа, залуус өндөр албан тушаалд томилогдохгүй байгаа нь эцсийн эцэст, залуус сонгуульд оролцдоггүй, ач холбогдол өгдөггүйтэй холбоотой. Залуус дарга болдог, дараа нь залуусынхаа төлөө ажиллахын тулд эхлээд сонгуульдаа идэвхтэй ордог байх ёстой. М.Амгаланбаатарын дэвшүүлсэн зорилтоос харвал, тэрээр энэ чухал боловч энгийн хэрэгцээг мэдэрч чадсан гэж харагдлаа. 

Зорьж хийх ажлынхаа энэ энгийн агуулгаараа тэрбээр намынхаа залуусаас дэмжлэг авах боломж байгаа харагдав. Түүнийг хэвлэлд АН доторх 80-аад оныхныг нэгтгэсэн гэгддэг “Морьтон” фракцаас нэр дэвшсэн гэж бичиж буй. Томчуудын тоглоомд ордоггүй, үзэл санаа, үнэт зүйлээ нандигнадаг, нэлээд зоргоороо нөхдүүд энэ фракцад байдаг. М.Амгаланбаатарын хувьд яг “Морьтон” фракцынх биш ч 80-аад оныхон гэдгээрээ нягт холбоотой байдаг. АЗХ-ны “гал тогоо”-г олон жил хариуцсаны хувьд аль ч фракцад нүүртэй, холбогч гүүр маягаар ажилладаг нэгэн. 

АН дотроо үзэл санаа тээгчдийн нэгдэл, 70-аад оныхны бүлэг гэгддэг Нээлттэй ардчилал /”ОД”/ клуб түүнийг дэмжиж байгаагаа зарласан нь нэгийг хэлнэ. Эцсийн эцэст, залуусыг өөрсдөөсөө ахмад хүний, албан тушаалтны дайсан биш, гагцхүү сонгуулийн гол хүч байлгахыг зорих нь өөрчлөлт авчирна гэдэг өнцгөөс харж байгаа нь М.Амгаланбаатарын ялгарал гэж харлаа. 

Монгол Улсын хүн амын дөч шахам хувь нь 0-18 насны хүүхдүүд, мөн 40 гаруй хувь нь 18-35 насны залуучууд, үлдсэн 20 орчим хувь нь ахмадууд байдаг. Сонгуулийн насны иргэд хүн амын 60 хувийг /2 сая орчим/ эзэлдгийн 40 хувь буюу 700.000 гаруйг нь ахмадууд бүрдүүлдэг. 

Өнгөрсөн хоёр сонгуульд /2016, 2020/ ирц 62, 73 хувьтай гарсан гэхээр залуусын 20 хүрэхгүй хувь нь сонгуульд оролцжээ. Үлдсэн 80 хувийнх нь санал одоогийн төрийг байгуулахад тусгалаа олоогүй гэсэн үг. Гэхдээ одоо нөхцөл байдал өөрчлөгдөж, асуудлыг мартдаггүй, зарчим ёс зүйтэйгээр авч үздэг хэрсүү залуу үе гарч ирснийг бид өнгөрсөн хоёр жилд харсан. 

Үнэндээ улс орныг одоо байгаагаас нь дээрдүүлэхэд онцгой мэдлэгээс илүү ёс суртахуун, шударга ёсны мэдрэмж илүү чухал болсон, аз болоход энэ чанар залууст байна. Жил дараалж болсон хоёр жагсаалд оролцогсдын ихэнх нь 20 орчим насны залуус байсан. Тэдэнд улс орны хувь заяа битгий хэл, өөрсдийнхөө амьдралыг урьдчилж харах мэдлэг туршлага бүрдэж амжаагүй нь хэнд ч тодорхой. Гэхдээ шударга ёс, үнэнч байдал, ёс суртахууны асар өндөр босго тогтоосон нь харагдсан. 

Залуус эхлээд “Ажлаа хий” гэж жагссан. Жилийн дараа үр дүн нэхэж жагссан. Одоо харин сонгуулиар хариуцлага тооцох учиртай. Эцсийн дүндээ хариуцлага тооцож чадах, чадахгүй нь чухал биш, гагцхүү сонгуулийн үр дүнд залуу хүн бүрийн санал орсон байх нь л хамгаас чухал юм. АЗХ залуусын нэр дэвшүүлэлт, залуусын сонгуулийн идэвх гэсэн М.Амгаланбаатарын философиор ажиллаж чадвал 2024 оны сонгууль магадгүй, 200,000 төгрөгийг тоодоггүй залуусын оролцоогоор түүхэн дээд үзүүлэх сонгууль болж магадгүй. Энэ бол цаашид тогтох жишиг, маш том амжилт байх болно. Учир нь, үр дүн нь яаж ч гарсан зүй ёсных /Насны нэг бүлэг голчилж сонгуульд ороогүй, бүгд тэгш оролцсон гэдэг утгаараа/ байх юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна