ТОЙМ: 2023 онд УЛС ТӨРД өрнөсөн онцлох 10 үйл явдал

С.Гандэлгэр
2023/12/27

2023 он, Монголын улс төрд томоохон өөрчлөлт шинэчлэлт авчирсан жил байлаа. Төрийн эрх барих дээд байгууллагаас хэд хэдэн гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзлээ. Олон жил дуншсан тогтолцооны өөрчлөлтүүдийг зоригтойгоор хийлээ. АН-ын дотоод асуудал цэгцэрч, МАН-ынхны дотоод толхилцоон савнаасаа халих шахав. 

Уншигч та бүхэндээ 2023 онд улс төрийн хүрээнд болсон онцлох 10 үйл явдлыг хүргэж байна. 

1. Ардчилсан нам нэгдэн, шинэчлэгдэж, 80-аад оны залуучуудаар “цус сэлбэв”

2020 оны УИХ-ын сонгуулийн ялагдлаас хойш “Мордохын хазгай” болсон Ардчилсан нам гурван жилийн хугацаанд дотоод хэрүүл тэмцэл, хагарал бутралдаа нэрвэгдэв. Тамга тэмдэг, гэрчилгээний маргаан өрнүүлсээр дээд цэгтээ тулсан юм. Ц.Туваан, О.Цогтгэрэл, М.Тулгат, Д.Ганбат, Х.Баттулга гээд олон хүн тархай бутрахай АН-ын дарга болж үзсэн ч намаа нэгтгэж чадаагүй. Адаг сүүлд нь энэ оны нэгдүгээр сард Ардчилсан намын ҮБХ хуралдаж, Л.Гантөмөр, С.Баярцогт нар хоорондоо өрсөлдөж, 152 гишүүний саналаар Л.Гантөмөр ялалт байгуулсан юм.

Улмаар дахин ҮБХ-гоо хуралдуулж, С.Баярцогт тэргүүн дэд дарга тэргүүтэй 15 дэд даргаа томилж, дараа нь Э.Одбаяр гэх 80-аад оны залууг ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Дэд дарга, улс төрийн зөвлөл, ЕНБД, Эмэгтэйчүүд, залуучуудын холбоо гээд удирдах албан тушаалтнуудын дийлэнхийг 80-аад оны залуучууд эзэлж байгааг шинэчлэгдэж байна гэж харж болох биз. Удирдлагын багаа шинэчлээд авсан учраас 2023 ондоо багтаж, Л.Гантөмөр намаа бүрэн шинэчилж, өөрийн бүтцийг угсраад авсан гэсэн үг. Ямартай ч гурван жил хагарал бутралтай байсан АН-ыг нэгтгэсэн Л.Гантөмөр 80-аад оны залуучуудаар хүчээ сэлбэж, 2024 оны УИХ-ын сонгуульдаа эрчтэй оролцох л үлдсэн байна.

2. ҮХНӨ: Гишүүдийн тоог 126 болгож, сонгуулийн холимог тогтолцоог ҮХ-д тусгав

Эрх баригч намын зүгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог нэмж, 152 болгох санал гаргав. Ингэхдээ сонгуулийн холимог тогтолцоог ҮХ-д тусгаж, пропорциональ 76, мажоритар 76 гишүүнээс бүрдсэн парламент бүрдүүлэх асуудал улс төрийн хамгийн чухал сэдэв болж байв. Мэдээж тоон дээр эрх баригч намын зарим гишүүд, сөрөг хүчин, иргэд эсэргүүцэж байсан тул 126 дээр тогтон батлагдсан. 76 гишүүн тойргоос, 50 гишүүн нь пропорциональ системээр сонгогддог байхаар болсон юм.

Уг тогтолцооны өөрчлөлт нь хэд хэдэн давуу талтай. Нэгдүгээрт эрх мэдлийн төвлөрөл буурна. Кноп худалдаж авдаг, тодорхой эрх ашгийн төлөө ажиллаж, хууль дэмжиж баталдаг асуудал үгүй болно.

“Жалганы улс төр” хоёр дахин буурч, улсын хэмжээний бодлого тодорхойлох, том төслүүдийг урагшлуулах, том төсөв, хөрөнгө оруулалтыг дэмжих боломж нэмэгдэнэ.

Парламентын чадамж сайжирч, УИХ-ын чуулган, байнгын хороодын хуралдаанд олон хүний ирцтэйгээр, олон хүн хэлэлцэж хууль батална.

Мөн төлөөллийн зарчим сайжирч, эмч, инженер, хөгжлийн бэрхшээлтэй иргэд квотоорУИХ-д суух юм.

3. Тэгш боломж ба эмэгтэйчүүдийн квот 

Мэдээж, сонгуулийн өмнөх жил учраас Сонгуулийн тухай хууль хэлэлцэгдэнэ. Энэ удаад хамгийн чухал шинэчлэл нь сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг тусгаж өгсөн нь байлаа.

Мэдээж УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд эмэгтэй гэх үг байхгүй ч аль нэг хүйсийн гэж заасан нь эмэгтэйчүүдэд ээлтэй заалт гэсэн үг. Хүйсийн квотыг 30 хувь байх уу, 40 хувь байх уу гэдэг дээр УИХ, байнгын хорооны түвшинд нэлээд маргаан дагуулж, эргэж буцсан. Монголын парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо 17 хувь байгаа нь дэлхийн дунджаас 9.2 хувиар бага байна. Мэдээж, квотыг 30-40 хувиар хатуу зааж өгсөн ч тэр хувь, хэмжээгээрээ УИХ-д орж ирэх эсэхийг иргэд шийднэ. Гэсэн хэдий ч жендерийн тэнцвэрийг бий болгож, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг төлөөллийг нэмэгдүүлэхийн тулд нэр дэвшүүлэлт дээр  квот тогтоож, Сонгуулийн хуульд тодорхой зааж өгснийг энэ чигт хийсэн том алхам гэж хэлж болно. Хэдий нэг алхам ч гэсэн амар байгаагүй, УИХ-аар эргэж буцан хэлэлцсээр эцэстээ эмэгтэйчүүдэд ээлтэй уян хатан шийдвэр гаргаж чадсан юм.

Жендерийн квотыг 2024 оны сонгуулиар 30-аас доошгүй, 2028 оны сонгуулиар 40-өөр доошгүй байхаар хуульчилсан. Мөн УИХ-д жагсаалтаар дэвших 48 нэр дэвшигчийг 1:1 харьцаатайгаар буюу эрэгтэй, эмэгтэй сөөлжлөн байрлуулна гэж заасан нь маш том шинэчлэл байв.

4. Нүүрсний хэргээр бүрэн эрхээсээ түдгэлзэв

Он дамжин олны анхаарал татсан хамгийн том асуудал бол нүүрсний хулгай. Өнгөрсөн онд ил гарч, энэ онд хэд хэдэн хүнийг яллагдагчаар татаж, цагдан хорьж, сонсголоо хүртэл зохион байгуулаад авсан. Түүгээр зогсохгүй нүүрсний хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг хүртэл бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн нь энэ оны онцлох үйл явдлын нэг яах аргагүй мөн биз.

УИХ-ын гишүүн ТББХ-ны даргаар ажиллаж байсан Ж.Мөнхбат нүүрс, концессын хэрэгт холбогдолгүйгээ илэрхийлэн өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзсэн.

Харин Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг яллагдагчаар татаж, Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэн шалгах саналаа ирүүлсэн юм. Улмаар МАН-ын бүлэг, Байнгын хороод, УИХ-аар хэлэлцэж, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж буй.

5. Хөгжлийн банкны гэм буруугийн шүүх хурал 

Нэр бүхий УИХ-ын гишүүдийн нэр холбогдоод байсан Хөгжлийн банкны шүүх хурал 47 хоногийн хугацаанд үргэлжилж, дүгнэлтээ танилцуулсан билээ. Тус хэрэгт 80 шүүгдэгч, дөрвөн хуулийн этгээд холбогдож шүүх хуралд оролцсон бөгөөд 32 яллагдагчийг гэм буруутайд тооцсон юм.

Тус хэрэгт УИХ-ын хэд хэдэн гишүүн холбогдож шүүх хуралд оролцсон. Тодруулбал УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нар, УИХ-ын гишүүн, сайд асан Н.Батбаяр зэрэг улс төрчид шүүгдсэн.

Харин шүүхээс Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг нарын УИХ-ын гишүүдийг гэм буруугүйд, Ё.Баатарбилэгийг гэм буруутайд тооцсон юм.

6. Алаг цоог үр дүнтэй, "Авлигачдыг авлах" 5ш ажиллагаа

Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигатай тэмцэх чиглэлээр 5ш ажиллагааг хэрэгжүүлэхээр болсон. Ингэхдээ ЗГ авлигатай тэмцэх үйл ажиллагааг манлайлж, авлигыг таслан зогсоохоор зорин ажиллана гэдгээ мэдэгдэж байв. Зарим нь маш эрчимтэй явсан ч зарим ажиллагаа нь үнэхээр сүр дуулианаас хэтэрсэнгүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн авлигын эсрэг тэмцэл эхэндээ хүчтэй байсан ч явцдаа суларсан гэх шүүмжлэл гардаг. Гэсэн хэдий ч Засгийн газар авлигатай тэмцэх үг биш үйлдэл гаргасан нь магтууштай.

Таван ш ажиллагаа нь шүгэл, шүүр, шувуу, шилжүүлэн авах, шил гэж хуваагдана. Эндээс хамгийн сайн хэрэгжсэн нь “ШИЛ” ажиллагаа гэхэд хилсдэхгүй. Төрийн байгууллагын цахимжилт эрчимжиж, олон олон мэдээлэл олон нийтэд нээлттэй болсон. Шүгэл ажиллагаагаар иргэдээс мэдээлэл авч, шүүр ажиллагаагаар хууль бусаар томилогдсон төрийн өндөр албан тушаалтнуудыг албаас нь буулгасан.

Харин сүржин эхэлж, даржин өрнөсөн нь шувуу ажиллагаа. Т.Бадамжунайг “шувуу” ажиллагаагаар авчирсан бөгөөд авлига, албан тушаалын хэрэг хийгээд гаднын улс руу зугтсан Ч.Сайханбилэг тэргүүтэй 92 хүнийг авч ирэхээр зарласан. Улмаар гадаадад хаяг нь тогтоогдсон 25 этгээдийг шилжүүлэн авч ирэх болсон талаар мэдээлсэн ч авчраагүй. Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал нарыг авчирна гэсэн ч одоог хүртэл бүтээгүй байна. Өөрөөр хэлбэл “Шувуу” ажиллагаа Т.Бадамжунайгаас өөр гялайж, гялтайх үр дүнгүй шинэ онтой золгож байна.

7. Том парламентын томсгосон тойрог

УИХ-ын сонгууль ямар тогтолцоогоор явахаас шалтгаалан Монголын улс төр хамаардаг. Нийгэм, эдийн засаг бүхий л бодлого шийдвэрт нөлөөлдөг. Угтаа Монголд нүүрлээд байгаа олон асуудлын уг үндэс нь засаглалын хямрал гэдгийг судлаачид олон жил ярьж буй. Үүнийг таслан зогсоох зорилгоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэснээр Үндсэн хуулиараа сонгуулийн холимог тогтолцоотой болж, улс орны томоохон бодлого ярих бүлэг гишүүдтэй болох боломж бий болсон. Гэсэн ч жижиг тойргийн балаг болсон тойрогтоо шаардлагатай бус хөрөнгө оруулалт татдаг, цөөн хүнд зориулсан бодлого тодорхойлдог, нэг үгээр хэлбэл “жалганы улс төр” үргэлжлэх нь тодорхой байсан юм. Тэгвэл үүнийг шийдэх зорилгоор парламентад суудалтай гурван нам тойргуудыг томсгож бүсчлэн хуваахыг дэмжсэн. Энэ нь цаашдаа улс орны бодлогод бүс нутгийн хөгжлийн бодлогыг уялдуулан нэгтгэж, төсөв хөрөнгө оруулалтыг оновчтой хуваарилах боломж бүрдэнэ. Мөн мөнгөний сонгууль, жалга довны үзэл үгүй болж, сонголт өргөжин төлөөллийн чадамж сайжрах сайн талтай юм.

Томсгосон тойрог нь 21 аймгийг долоон бүсэд хувааж, сонгуулийн тойргийг томруулах юм. Ингэхдээ Баян-Өлгий аймаг гурван мандаттай дангаараа нэг бүс болж,

-Увс, Ховд, Завхан, Говь-Алтай нэг тойрог - 10 мандаттай,

-Архангай, Баянхонгор, Өвөрхангай нэг тойрог - 9 мандаттай,

-Хөвсгөл, Орхон, Булган нэг тойрог - 8 мандаттай,

-Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг нэг тойрог - 10 мандаттай,

-Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь нэг тойрог - 7 мандаттай

-Хэнтий, Дорнод, Сүхбаатар нэг тойрог 7 мандаттай байх

Харин улаанбаатар хотыг зургаан тойрогтой, 24 мандаттай байхаар баталсан.

8. Ногоон автобус ба золионд явсан Ж.Сүхбаатар

Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлын хүрээнд Zyle Motors буюу Daewoo компаниас ногоон өнгөтэй 800 ширхэг автобус худалдан авахаар болж эхний ээлжинд 100 автобус нь орж ирээд байлаа. Удалгүй арлын дугаар асуудалтай, 1993 онд үйлдвэрлэгдсэн арлын дугаартай, үйлдвэрлэгдэхээ больсон загвар, хийц муутай, хуучин гэх мэт олон асуудал ил болж, олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргэв.

Улмаар төсвийн ерөнхийлөн захирагч байсан Ж.Сүхбаатар “Түгжрэлийн сайд”-ын суудлаасаа өөрийн хүсэлтээр буусан юм. Нэг талаар хариуцлага хүлээж байгаа юм шиг харагдах ч, эрх баригчдын гал унтраах зорилготой золиосонд явсан хүн ч гэж харж болох.

Тус хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах байгууллагууд шалгах ажиллагаа явуулж, хяналт тавьж байгаа. Нийт 26 хүнийг яллагдагчаар татаад байгаа бөгөөд үүнд улс төрд нөлөө бүхий нэг, Нийслэлийн засаг даргын тамгын газар, худалдан авах ажиллагааны газар, нийтийн тээврийн газар, хувийн хэвшлийн албан тушаалтнууд зэрэг багтжээ.

9. МАН-ын томчуудын толхилцож, Д.Сумъяабазар огцров. Х.Нямбаатар аргагүй эрхэнд хотын дарга болж халааг нь авлаа

Ногоон автобусны хэрэг даамжирч МАН-ын томчууд толхилцож эхлэв. Ж.Сүхбаатараар туг тахисан нь хангалтгүй байж, Д.Сумъяабазарыг хотын даргаасаа буухыг шаардаж эхлэв. Үүгээр ч зогсохгүй Нийслэлийн МАН-аа өгөх яриа ч улс төрийн хүрээнд яригдав. Өглөөхөн ажлаа өгөхгүй, надад хамаагүй гэж байсан Д.Сумъяабазар Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн өрөөнд удтал байсны эцэст хариуцлага хүлээж, ажлаа өгөхөө мэдэгдэв. Дараа нь хотын даргад хэд хэдэн хүн яригдсан ч их наядаар тоологдох төсөвтэй, сайдын статустай хотын даргын суудалд суух хүн нь Х.Нямбаатараас өөр байсангүй бололтой. Хөшигний ард МАН-ын дотоод талцал хуваагдал илүү хурцдаж, бүр Д.Сумъяабазарын Нийслэлийн МАН-ын хороог алдах эрсдэл байсан учраас арга буюу ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатарыг хот руу шилжүүлсэн. Энэ нь авлигатай тэмцэгч буюу Л.Оюун-Эрдэнийн тал хүний нөөц муутай, тэмцэлд ялагдаж магадгүй нь гэсэн дохиог ажиглагчдад өгөв.  

10. Б.Ганхуяггүй нүүрсний сонсгол 

Жил дамжин дуншсан нүүрсний сонсгол 2023 ондоо арайхийн багтаж, зохион байгуулагдав. Нүүрсний хулгайн хамгийн чухал гэрч нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг. Харин түүнийг гэрчээр дуудсан ч нүүрсний сонсголд оролцуулсангүй. Түүгээр зогсохгүй нүүрсний хэрэгтэй холбогдон сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлсэн Т.Аюурсайхан ч оролцсонгүй.

 Б.Ганхуягийн хувьд цагдан хоригдож байгаа учраас шүүхээс сонсголд оролцуулах боломжгүй гэх хариуг өгсөн. Энэ талаар ч Б.Энхбаяр шүүн таслах ажиллагаанд хэн ч оролцох ёсгүй, Б.Ганхуягийг сонсголд оролцуулах ямар ч боломжгүй” хэмээн хатуу байр суурь илэрхийлсээр ирсэн. Сөрөг хүчин АН, ХҮН намаас ч Б.Ганхуягийг сонсголд оролцуулах шаардлага тавьсан ч тусыг эс олсон юм.

Нүүрсний хулгайн хамгийн том субъект бол ЭТТ ХК. Энэ компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан, бүх гарын үсэг, томилгоотой холбогдох хүн нь Б.Ганхуяг. 2007 оноос хойш тус байгууллагад ажилласан учраас Б.Ганхуягаас илүү нүүрсний хэргийг мэдэх хүн байхгүй. Үнэхээр л нүүрсний хулгайг илрүүлмээр байгаа бол Б.Ганхуягаас мэдээлэл, мэдүүлэг авч хянан шалгах түр хорооны сонсголд ашиглах нь зүйтэй байсан биз. Хянан шалгах түр хорооны гишүүн Т.Доржханд “Дасвгүй хоол амтгүйтэй адил Б.Ганхуяггүй сонсгол үр дүнгүй” гэсэн нь ч хоосон үг биш юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна