Т.Сүхболд: Интернэт үйлчилгээ Монголд орж ирж байгаа сувгуудыг хянавал сонгуулийн үеэр хууль бус зүйл гарахгүй

Х.Батсайхан
2024/01/02

Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгуулсан СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчдийн сонсголоор УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ЦЕГ-ын дарга, хурандаа Т.Сүхболдоос сонгуулийн үеэр гардаг хуурамч мэдээлэл, хуурамч хаягтай хэрхэн тэмцэх талаар асуулт асуулаа.

Тэрбээр энэ асуултад “Интернэт орчинд үйлдэгдэж байгаа худал мэдээлэл тараах, хуурамч хаягтай холбоотой гэмт хэргийн 99.99 хувийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Илрүүлэлтээ 53.4 хувьд хүргэсэн. Чадлаараа л ажиллаж байгаа. Техник технологи, хүн хүчний хувьд ч нэлээд нэмэгдсэн. Гэхдээ бидэнд ганц л асуудал бий. Хуурамч хаягийг зөвхөн мэргэжлийн алба хаагчид л илрүүлж байгаа. Техник технологийн хувьд бол хуулиараа ямар ч боломжгүй.

Засах нэг л арга байгаа. Интернэт үйлчилгээ үзүүлж байгаа улсуудын Монголд оруулж ирж байгаа сувгууд дээр нь хяналт тавих. Энийг л хийж чадвал сонгуулийн үед сошиалаар бие, биенээ нүдэх, бусдын нэр төрд халдах ямар ч юм болохгүй. Тийм юм гарлаа гэхэд тэр хуурамч мдээллийг хаах хаалтыг л хуулийн дагуу явуулчихна. Харилцаа холбооны хуулинд нь заагаад өгчихсөн байгаа. Цагдаагийн байгууллагад бол тэр худал мэдээллийг хүргэж байгаа үзүүр дээр нь хаалт тавих эрх байхгүй.

Бид ямар ч байсан хуулийн дагуу худалдан авах ажиллагаагаа хийгээд, боловсон хүчнээ бэлдээд явна, чадлаараа л тэмцэнэ” гэж хариуллаа.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна