Ерөнхийлөгч зэвсэгт хүчний жанжин штабд ажиллалаа

Х.Есү
2024/01/17

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч энэ сарын 16-ны өдөр Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Кибер аюулгүй байдлын цэргийн командлалд ажиллалаа.

May be an image of 5 people

Монгол Улсын Ерөнхийлөгчид Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба илтгэл өгч, Төрийн Хүндэт харуул хүндэтгэн угтсан юм.

Үүний дараа ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхэд Зэвсэгт хүчний өнөөгийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийв.

May be an image of 12 people and text

Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлалд ажиллаж “Эзэн богд Чингис хааны эш хөрөг”-ийг гардуулсан юм.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалтад оролцож буй Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний болон төрийн цэргийн байгууллагуудын удирдлага, албан тушаалтнуудад хандаж үг хэлж, үүрэг, чиглэл өглөө.

Тэрээр "Болзошгүй аюул, заналхийлэл, гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнийг хохирол багатай даван туулж, төр, нийгмийн үйл ажиллагааг сэргээн босгох чадавх, бэлэн байдлыг хангах зорилгоор “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг батлан хамгаалах болон гамшигтай тэмцэх тогтолцоонд тулгуурлан боловсруулж, хэрэгжүүлэх цаг болсныг онцлон тэмдэглэв.

May be an image of 7 people and text

Мөн анги, нэгж, томилгоот бүлгүүдийн бэлэн байдал, хамтарсан сургалт бэлтгэлийг нэмэгдүүлж, зэвсэглэл, техник, удирдлага, харилцан ажиллагааг нэгдмэл бодлого, нэгдсэн стандартаар зохицуулж ажиллахыг үүрэг болголоо.

Түүнчлэн төр, нийгэм, иргэдийн эсрэг чиглэсэн мэдээлэл-сэтгэл зүйн сөрөг нөлөөлөл, цахим халдлагын аюул, эрсдэлийг байнга тооцож, үндэсний үнэт зүйл, эв нэгдлийг бэхжүүлэхэд үүрэг, оролцоогоо нэмэгдүүлэх, албаны нэр хүнд, цэргийн цолны үнэлэмжийг дээшлүүлэх нь зүйтэй гэж үздэгээ хэлэв.

May be an image of 6 people and text

Түүний зэрэгцээ төрийн тусгай албаны гол хөдөлгөгч хүч болсон ахлагч нарын ажил, амьдралын орчин нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, боловсрол, мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх, хүүхэд, залуучуудыг эх орноо батлан хамгаалах, аливаа гамшиг, ослын үед иргэний үүргээ гүйцэтгэхэд сургаж бэлтгэх, эх оронч үзлээр хүмүүжүүлэх чиглэлээр бүх шатны боловсролын байгууллагуудтай хамтран ажиллахыг үүрэг болгов.

Нөгөө талаар цэргийн албаны ач холбогдлыг нийгэмд сурталчлах, бие бүрэлдэхүүний ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх талаар дорвитой өөрчлөлт хийхийг чиглэл болголоо.

May be an image of 1 person and text

Төгсгөлд нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Үндэсний аюулгүй байдлын төлөө хүч чадал, мэдлэг, боловсролоо зориулан, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөсөн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна