​Зэс, молибденийн баяжмал, бүтээгдэхүүнийг Уул уурхайн биржээр худалдаална

Т.Отгонсувд
2024/02/28

Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилалд зэс, молибденийн баяжмал, бүтээгдэхүүнийг нэмэх тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.

Ингэснээр Монголын хөрөнгийн бирж ХК-иар зэс, молибденийн баяжмал, бүтээгдэхүүн арилжаалсан этгээдийн худалдсан болон худалдахаар ачуулсан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг биржийн үнэд үндэслэн тогтоох, ил тод, нээлттэй биржийн арилжааг дэмжих ач холбогдолтой гэж үзэж байна.

Өнөөгийн байдлаар зэс, молибденийн ашиглалтын 27 тусгай зөвшөөрлийг 22 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Үүнээс төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ашиглалтын хоёр тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тус үйлдвэрийн газар 2024 онд зургаан аж ахуйн нэгжид 621.5. мянган тн зэсийн баяжмал, дөрвөн аж ахуйн нэгжид 6,240.0 тн молибденийн баяжмалыг нийлүүлэх гэрээтэй байна.
Тогтоол батлагдсанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ зэсийн болон  молибденийн баяжмалыг биржээр арилжих үүрэг хүлээнэ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам өмнө байгуулсан гэрээг харгалзан үзэж тус үйлдвэрийн газрыг 2024 онд эхний ээлжинд уул уурхайн бүтээгдэхүүний биржээр таван хувийг арилжих чиглэл хүргүүлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна