МАН-аас АН руу буюу иргэдээс эрх баригчдад шилжсэн эрхийг эргүүлж авах боломж

Zuv.mn
2024/03/20

-МАН толхилцоход иргэд хохирдог, АН эвлэхэд иргэд хождог-

Дарангуйлалд орсон хүн эмх цэгцтэй бодож чадахаа больдог юм гэнэ лээ. Монголчууд өнөөдөр мөрөөдөх нь битгий хэл өөрийнхөө юмыг хэрхэн зарцуулах, яаж ашиглахаа энгийн байдлаар бодож тунгааж ч мэдэхээ больтлоо дарлуулж байна.

Гэхдээ, Монголын нийгмийг, орлогын эх үүсвэр, ажлын байр, олж идэх горьдлого, хүсэл шуналаар нь өдрөөс өдөрт баглан барьж байгаа дарангуйллын хүлээсийг суллах, бүр тасдаж чөлөөлөгдөх боломж бидэнд байна. Тэр нь ойртож буй улс төрийн сонгууль, иргэний хариуцлагатай сонголт юм.   

Өнгөрсөн ням гарагт АН-аас зохион байгуулсан “Бүтэн ардчилал” хэлэлцүүлгийн хаалтын үеэр танхимд цуглагсад иргэд нь эрх чөлөөтэй, төр нь зөөлөн чихтэй, ААН-үүд нь бүтээн байгуулалт өрнүүлж, байгалийн баялгаа амьдралын баталгаа болгох хувилбаруудыг дор бүрнээ тооцон суудаг асан үеэ дурсаж, эргүүлж авчрах талаар ярьцгаалаа. Наймхан жилийн өмнөхийг шүү дээ.

Ардчиллыг хугачиж нугачих, иргэдээс суурь эрхийг нь булаахад цаг хугацаа үнэхээр багаддаггүй юм байна. МАН төрийн эрх барьсан наймхан жилийн дотор үнэндээ Монголд их юм өөрчлөгджээ. Ардчиллаас ухарч, иргэдийнхээ үндсэн болон заяагдмал эрхэд халддаг дарга нартай болсон байна.

Улс орны хөгжил, ард иргэдийн амьжиргаа, бодож сэтгэх цар хүрээ эрх баригч намын үзэл баримтлал, үнэт зүйл, бодлого, үйл ажиллагаатай холбоотой байдаг.

2013 оны хоёрдугаар сарын сүүлээр тухайн үеийн МАН-ын дарга Ө.Энхтүвшин гишүүд дэмжигчиддээ хандан ил захидал илгээж, түүндээ зайлшгүй хийх ёстой есөн шинэчлэлийг хөндөн тавьж билээ.

Намд нь хэр чухал, тулгамсан асуудал вэ гэдгээр нь эрэмбэлсэн байж таарах тэр есөн шинэчлэлийн наймдугаарт “Улс төрийн өндөр ёс зүйг чанд сахин хангах” зорилт орсон байсан юм. “Бид юуг шинэчлэх ёстой вэ” нэртэй тэрхүү захидал  “Ө.Энхтүвшингийн цаг үеээ мэдэрсэн алдартай илтгэл, захидлууд” нэрээр одоо ч интернэтэд байж л байгаа, хүсвэл олж үзнэ биз. Гарчигт нь хүртэл дарга тахих үзэл бүр нэвт...

Түүнд “Ардын намын хамт олон, ялангуяа удирдлага...хариуцлагатнуудын ёс зүйн хэм хэмжээ ямар түвшинд байх нь олон түмнийг дагуулах чухал хүчин зүйл мөн. Сонгогчид аль нам нь илүү вэ гэдгийг үнэлж цэгнэхдээ бодлого, үйл ажиллагааг нь харахаас гадна гишүүдийнх нь биеэ авч яваа байдал, үг яриа, ааш араншин, ерөнхий нуруу, бусадтай харьцаж буй хандлага зэргийг сүрхий ажиглаж харьцуулж дүгнэдэг юм билээ. Өөрөөр хэлбэл, намыг нь тухайн сум, багт амьдарч ажиллаж буй гишүүдээр нь дүгнэх хандлагатай хүн олонтаа тааралддаг.

“Тэр намынхан гэж нэг баахан худлаа ярьсан, сүржигнэсэн нөхөд байдаг юм.”, эсхүл “Энэ сумын хөрөнгийг идэж барсан хүмүүс нь тэдний л намынхан даа” гэхчлэн иргэд өөр хоорондоо хөөрөлддөгийг бид бишгүй сонсдог шүү дээ” хэмээн бичсэн байсан.

Сүүлийн хоёр сонгуульд дараалан ялагдаж, ард олны дэмжлэгийг хүлээхээ больсон намын дарга өөрсдөөс нь алдагдсан итгэлийг буцааж олж авахын тулд хийх ажлуудаа жагсаахдаа “Эрэмбийн том алдаа гаргаж дээ” гэж тухайн үед санагдаж байв.

Есөн шинэчлэлийг бүгдийг нь зэрэг хэрэгжүүлээд эхэлсэн тохиолдолд эрэмбийн ялгаа хамаагүй боловч, тухайн бие хүн, намын үнэт зүйл, юунд илүү ач холбогдол өгч вэ гэдгийг харах боломжийг олгодгоороо эрэмбэ чухал үүрэгтэй. Ө.Энхтүвшин тэр үед Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гол кандидат байсан учраас бусдын жишгээр ажиглаж, иргэдээс оноо авах хамгийн гол мэх болох ёс зүйг ингэж хойгуур бичсэнийг нь эрэмбийн том алдаа гаргаж дээ гэж бодож байлаа.

Гэтэл тэр ч, нам нь ч ёс зүйг наймдугаарт эрэмбэлсэн нь алдаа байгаагүй, үнэхээр л есөн үнэт зүйлийн наймдугаарт нь байдаг гэдгигй өнгөрсөн найман жил хангалттай харууллаа.

Эрх баригчид өнөөдөр “Нийтийн эрх ашиг”-аар түрий барин иргэдийнхээ эдлэх ёстой эрхийг нэг, нэгээр нь булааж байна.

Нийслэлийн иргэд тохилог нийтийн тээврээр тээврээр зорчих эрхээ өвөлжин хязгаарлуулсан. Хүүхдүүд өвдсөн, нас барсан, хөгшчүүд даарч, архаг хуучаа сэдрээсэн, бас мэдээж зарим нь нас барсан. Гэтэл хамгийн аймшигтай нь, “Ногоон автобус”-ны будлиан МАН дотор өрнөсөн “Нийслэлд эрх мэдлээ тогтоох” зорилготой улстөрчдийн зодооноос үүдэлтэй гэсэн асуудал яригдсан.

УИХ-ын сонгуульд Нийслэлээс өөрийнхөө хүнийг нэр дэвшүүлэх эрх мэдлийг олж авах зорилгоор “Ногоон автобус”-ны будлианыг хутгасан гэж... Сэтгүүлчийг, үзэл бодлоо илэрхийлсэн иргэнийг барьж хорьсон үйл явдлыг ч яг энэ зорилгоор болсон ажиллагаа гэж ярьж байна. Энэ одоо юу вэ. Байдаг л нэг нам, тэр дотор байдаг байдаг л нэг бэртэгчингүүдийн эрх мэдлийн золионд хүүхэд хөгшид өвдөж зовж, сэтгүүлч, иргэн хоригдож, суллагдаж байдаг, тэрийг нь хэвлэлүүд бичээд сууж байдаг нийгмийг нэн даруй шинэчлэх ёстой.      

Өнөөдөр Нийслэлийн иргэд Үндсэн хуулиар баталгаажсан “Газар нэг удаа ҮНЭГҮЙ өмчилж авах” эрхээ эдлэх боломжгүй болсон. Удахгүй “Эдийн засгийн механизм” гэдэг “тархи угаалт”-аар авто замыг чөлөөлөхөөр зэхэж байна. Автомашин шинээр авах боломжгүй /Улсын дугаар шинээр гаргуулж авах эрхгүй болсон/ болж хоцорсон иргэд бас нэг эрхээсээ сална гэсэн үг л дээ.

Энэ бүх баримтыг МАН-ын даргын 10 хан жилийн өмнө тодорхойлсон ёс зүйн код, эрх ашгийн эрэмбэтэй нь холбож яриад байгаагийн учир гэвэл, тэрхүү хүслийн жагсаалт нь эрэмбийн алдааг үл харгалзан, ерөөсөө огт ажиллаагүйд оршино.

Хамгийн эхэнд бичигдсэн “...Нутаг нуга, амраг садан, анги танхим, бизнесийн хүрээ зэрэг явцуу эрх ашгийн сонирхлыг тойрон нягтарсан нэгдэл бөгөөд түүнээс бид ямагт сэрэмжлэх ёстой” гэсэн нь байхгүй.

Асуудлыг шийднэ гэж төсвөөс мөнгө гаргадаг ч шийдэхгүй, харин ч улам асуудал болгон намын “шимэгчид”-ээ тэжээх гарц болгодог. Төсвийн мөнгөөр  “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулан, утааг арилгасан ч улс төрийн ашиг гаргаж сонгуульд ялсныхаа дараа улам их утаатай болгож, улам их мөнгө цохисон.

Төрийн алба хаагчдын цалинг нэмснийгээ нийт масст хамаатай мэтээр “тархи угааж”, “Төсвөөр дамжуулж хангалттай хөрөнгө оруулалт хийж байгаа учраас бизнесийн зээлийг хумихгүй бол горьгүй нь, тэгэхгүй бол инфляци дийлдэхгүй” гэж учирлах, айлгахын завсар хэлээд бизнесийн зээл хязгаарлаж орхисон.

Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс” өгүүлэгт “Энэ завсар Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ” гэж өгүүлдэг. Тэгвэл МАН засагласан энэ найман жилд дарга нарын булааж авсан эрх, ард түмний алдсан эрхээс бүр илүү гарчихлаа.

Төр томрохын хэрээр шударга ёс алга болж, хувийн сектор хумигдахын хэрээр ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж байна. Мөнгө төр, төсвийнх болоод ирэхээр шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн эрх мэдэл нэмэгддэг.

Тэгэхээр, МАН баялгийг аль болохоор төрд төвлөрүүлээд, буцааж хуваарилдаг, энэ зууртаа эрх мэдлээ өсгөдөг аж. Харин АН хувийн хэвшилд боломж олгож, бизнесийн эрх чөлөөг нь хангахыг эрмэлздэг. Сонголт хийхдээ тухайн нам нь ямар бодлоготой, үзэл баримтлалтай, үйл хэрэгтэй нам бэ гэдгийг сайн хар аа гэдэг нь ийм учиртай.

Ардчилсан намын тухайд, үзэл баримтлал, үнэт зүйл, бодлогын суурь нь хүний эрх, эрх чөлөө, чөлөөт өрсөлдөөнт эдийн засаг. Олон намын нэгдэл, үзэл баримтлал дээрээ нээгдэж нягтарсан үедээ бодлогын шинэчлэлт хийдэг. 1996-2000 онд алдаа оноотой ч эдийн засгийн суурь шинэчлэлүүдийг хийсэн бол 2012-2016 онд импортыг орлох үйлдвэрлэлийн хөгжил, зам гүүр, дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим хүчний эх үүсвэр нээх олон төслийг амжилттай дуусгаж, одоогийн өсөлтийг хангах суурийг тавьсан. Олон намын зовлонг эдэлж, эвдэрч, эвлэж яваа ч эвлэсэн үедээ шинэчлэл хийдгийг монголчууд одоо л санах учиртай.

Монголын улс төрийг дангаар ноёрхож, төрийг иргэдээс дээр тавьсан өнөөгийн нөхцөл байдлыг тэнцвэржүүлэх, өдрөөс өдөрт хагасарч, алдагдаж буй ардчиллыг бүтэн болгох ажлыг эвлэсэн Ардчилсан нам хэрэгжүүлж чадна гэдэгт эргэлзэх юм алга. 2000 оны ялагдлын дараа явагдсан эвлэж нэгдэх үйл явцыг энэ удаад Лу.Гантөмөр гардан хийж, 2012-2016 онд эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлье, өнгөрсөн найман жилд иргэдээс алдагдсан эрхүүдийг буцааж өгөх, төрөөс цалин нэмэхийг шаарддаг биш, санаж бодсоноо хийгээд, ажлын байр бий болгоод дэм, дэмэндээ явах боломжийг бүрдүүлэх мөрийн хөтөлбөрийг нийт монголчуудын санал дээр үндэслэн боловсруулж байна.

Улс төрийн намууд хуулиараа энэ сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө боловсруулж танилцуулах ёстой.

 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.72.240.53
    2024/03/21

    хулгайч нар

    Хариулах
  • 202.9.40.19
    2024/03/20

    Ардчилал гэдэг нэр томьёоогооор дэлхийн нийтийг самардаг гэдэгийг өдөр болгон л харж байна шүү дээ, улс гэдэг чинь засаг захиргаатай байлгүй яаахав юуун ард түмэн иргэдийн эрх ч гэх шиг, европын үнэт зүйл нутагшуулах гээ юу чи чинь

    Хариулах
  • 103.57.95.76
    2024/03/20

    Улс төрчид сонгууль дөхөөд ирэхээр жолоогүй худлаа ярьдаг. Ер нь сонгуулийн өмнө л худалчуудын тоо нэмэгддэг гэнэ лээ шүү......ярьсан бүхэнд нь итгэх хэрэггүй шүү. Өөрийнхөө итгэлээр л сонго....

    Хариулах
  • 203.91.112.234
    2024/03/20

    АН дарга Алтанхуяг өндөг тансаг хэрэглээ учраас өндөг иддэг айл тансаг амьдарч байгаа. тэртээ тэргүй бидний үр хүүхэд төлчих учраас өр тавих хамаагүй гэх мэтээр айлдсан нь орон хүний дургүйг хүргэсэн дээ.

    Хариулах
  • 202.21.107.135
    2024/03/20

    20000 хувьсагчаа толгой дээрээ залчихаад хэр хол явахыг чинь харъя л даа...

    Хариулах