Б.Тулга: Төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага бол хөгжлийн тулгын гурван чулуу юм

Х.Есү
17 цаг 39 минутын өмнө

Өнөөдөр "Боомтын сэргэлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоо, асуудал, шийдэл" хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.  Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгын Боомтын сэргэлт форумд үг хэллээ. 

Б.Тулга: 

Өнөөдрийн энэхүү форумд хүрэлцэн ирсэн эрхэм бизнес эрхлэгчид болон, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын гишүүд, Танхимын Ерөнхийлөгч Энхтүвшин та бүхэнд чин сэтгэлийн халуун мэнд өргөн дэвшүүлье.

Монгол Улсын Засгийн газар, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Гадаад Харилцааны Яам, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулж буй Боомтын сэргэлт үндэсний форумын өнөөдрийн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье.

Юуны өмнө Та бүхэнд баяртай мэдээ дуулгая. БНХАУ-тай Замын-Үүдийн авто замын боомтыг 24 цагаар ажиллуулах тухай албан ёсны шийдвэрийг Замын-Үүд боомтын цогцолборын нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан ёсоор зарлалаа.

Монгол Улсын Засгийн газраас боомтын сэргэлтийн үндэсний хороог 10 яам болон Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, Монголын ложистикийн холбоо нэг баг болон хамтран ажиллаж байна.

Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран өнөөдрийн форумыг зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү форумаас ажил хэрэгч санал санаачилгууд гарч, Засгийн газар, УИХ-д шийдүүлэх асуудлаа бизнес эрхлэгч, аж ахуй нэгж, байгууллагууд та бүхэн чөлөөтэй тавин, холбогдох байгууллагууд уг санал, санаачлагыг ажил хэрэгчээр дэмждэг сайн тогтолцоо, сайхан жишиг тогтоно гэдэгт найдаж байна.

Цаашид энэхүү форумыг уламжлал болгон, жил бүр зохион байгуулах бөгөөд Худалдаа аж үйлдвэрийн танхим, түүний салбар, гишүүн байгууллагууд хариуцан зохион байгуулах болсонд талархал илэрхийлье.

Шинэ сэргэлтийн бодлогын нэг онцлог нь бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгаж, төр ба хувийн хэвшлийн түншлэлийг дараагийн шатанд гаргаж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийнхээ санаачилга, ур чадвар, туршлагыг Монгол Улсын хөгжлийн цөм хэмээн үзэж байгаад оршино.

Өнөөдөр өглөө Хилийн боомтын захиргааны дарга, хилийн боомтын бүрэн эрхт төлөөлөгч Б.Батхишиг, Боомтын сэргэлтийн үндэсний хороон даргын зөвлөх Э.Эрдэнэжамъян, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны гишүүн бөгөөд МҮХАТ-ын “Эдийн засгийн коридор, боомт, тээвэр ложистикийн зөвлөлийн дарга А.Мөнхболд нарын тавьсан илтгэл, танилцуулгаас Боомтын сэргэлтийн бодлого, ерөнхий ойлголт, хийгдэж буй ажлууд ба төсөөллийн талаарх мэдээллийг сайтар авсан гэж итгэж байна. Түүнчлэн өнөөдөр, маргааш тавигдах бусад илтгэл, танилцуулгууд ч Боомтын сэргэлтийн талаар бид бүгд нэг зүгт харж, зорилго, зорилтоо нэгтгэн, үр дүнд хүрнэ гэж итгэж байна.

Тиймээс би бусдын илтгэл, хэлэлцүүлэгтэй аль болох давхцуулалгүйгээр дараах хэд хэдэн асуудлыг хөндье.

Нэгт:

Боомтын сэргэлтийн үндсэн зорилго нь боомтоор дамжин хийгдэх худалдааг дэмжих, хөнгөвчлөх, боомтоор дамжин ажил бизнес эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүд аль болох ахиу ашиг орлого олох, улмаар боомт нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн бүтэц, чадавхтай болж эдийн засгийн өсөлтийг эрс нэмэгдүүлэхэд чиглэх ёстой.

Боомтын хөгжил ярихын тулд эхлээд төр ба хувийн хэвшлийн түншлэлийн тухай ярих хэрэгтэй. Бид одоохондоо төр ба хувийн хэвшлийн тухай хоёрлосон харилцааг л хөндөж байгаа. УИХ-аас төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг баталсан ба, Монгол улсын хилийн тухай хуульд ч төр хувийн түншлэлийг боломжтой нээлттэй тусгаж өгсөн байдаг. Харин судлаачид, эрдэм шинжилгээний байгууллагын талаар аль ч хууль бодлогод хараахан тусаагүй, ач холбогдлыг нь бүрэн гүйцэт үнэлээгүй хэвээр байна. Аливаа улс хөгжих үндсэн түншлэлийн хэлбэр нь хоёр талтай бус гурван талтай байна. Төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага бол хөгжлийн тулгын гурван чулуу юм.

Манай хөрш улсууд ч гадаад дотоод худалдаа, аж үйлдвэрийн хөгжил түүн дотроо боомтын хөгжил, чөлөөт бүсүүдийг тусгайлан судалдаг, судлаачдыгаа маш өндөр түвшинд авч үздэг төдийгүй төлөвлөлт судалгааны хүрээлэнгүүд, тэдгээрийн судалгааны ажлын үр дүнд тулгуурлан хөгжлийн бодлого шийдвэрээ гаргадаг.

Миний бие боомтын сэргэлтийн хороог даргалж эхэлснээс хойш гадаад худалдаа, аж үйлдвэр, чөлөөт бүс, хөгжлийн талаар судалдаг монголынхоо тэргүүлэх эрдэмтэд, хөрш орны судалгааны байгууллагуудтай нягт хамран ажиллаж байна. Манай улсын хувьд худалдаа, аж үйлдвэр тэр дотроо боомтын талаар судалдаг судлаачдын эрэлт хэрэгцээ, орон зай их байгаа бөгөөд энэ чиглэлээр их дээд сургуулиуд тусгайлсан хүний нөөц бэлтгэх хэрэгцээ шаардлага зайлшгүй байна.

Өөрөөр хэлбэл, аливаа салбарыг хөгжүүлье гэвэл тухайн салбарын суурь судалгааг, түүн дээр үндэслэсэн төлөвлөлтийг хийж гүйцэтгэдэг чадавхыг бүрдүүлэх нь чухал юм. Боомтын сэргэлтийн үндэсний хорооны зүгээс Худалдаачин үндэстэн санаачилгыг дэмжин ажилласан ба төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулиудад ч боомтын менежментийн чиглэлээр хамтран ажиллах санал хүргүүлээд байгаа юм. Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дэргэд цугласан эрдэмтэн судлаачидтайгаа хамтран цаашид энэ талаар илтгэл, лекц, судалгаа, бодлогын шинжтэй асуудлыг өргөн хүрээнд танилцуулж ажиллах болно.

Хоёрт:

Аливаа худалдаа, тэр дундаа олон улсын худалдаа нь хөгжүүлэх зайлшгүй чухал 5 (таван) үндсэн системээс бүрддэг гэж үздэг. Энэ нь тээвэр, логистик, нэвтрүүлэлт, түгээлт, төлбөр тооцооны дэд бүтэц юм. Эдгээрээс аль нэг байхгүй, эсвэл дутуу хөгжсөн бол олон улсын худалдаа эрхлэхэд саадтай гэж тооцдог байна. Манай өнөөдрийн сэдэв болох боомтын асуудал бол эдгээр таван чухал асуудлын зөвхөн нэг нь буюу нэвтрүүлэлтийн тухай гэж үзэж болно.

Тийм ч учраас засгийн газрын зүгээс нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхийн төлөө 2022 оноос хойш боомтын сэргэлтийн бодлогыг зарлаж тодорхой амжилтад хүрсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 11 сард БНХАУ-д айлчлах үеэрээ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хийсэн нүүрсний экспортыг ойрын хугацаанд 70 сая тоннд хүргэх талаар тохиролцсон билээ. Энэ түүхэн хэлэлцээрийг Монгол Улсын болон БНХАУ-ын Засгийн газар, нүүрс экспортлогч, уул уурхай, нүүрс тээврийн компаниуд хамтран ажиллаж 1 жилийн дотор ажил хэрэг болгож чадсан. Энэ бол боомтын сэргэлтийн бодлогын тодорхой үр дүн мөн бөгөөд өмнө 2 жилд хийдэг байсан худалдааг 1 жилийн дотор хийж чадсан гэсэн үг. Энэ нь манай худалдааны салбарын түүхэн сэргэлт юм.

Нэвтрүүлэх хүчин чадлаас гадна үлдэх 4 бүрэлдэхүүн хэсгийг ч бид эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлүүдтэйгээ хамтран бодитой олон ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай байна. Товчоор хэлбэл бид боомтынхоо нэвтрүүлэх хүчин чадал буюу барилга байшин, орц гарцыг нэмж барих бол олон улсын худалдаанд шаардлагатай олон ажлын зөвхөн нэгээхэн хэсэг. Та бүхэн ч миний нэгэн адил тээвэр, логистик, төлбөр тооцоо, түгээлтийн асуудалд анхаарлаа хандуулж байгаа гэдэгт итгэж байна.

Энэ танхимд хуран цугласан маш олон эрхэм хүмүүстэй би өмнө эдгээр асуудлаар уулзаж, санал бодол, төлөвлөгөө, төсөлтэй танилцаж, бас дэмжиж ирсэн. Энэ тал дээр Худалдаа аж үйлдвэрийн танхим, түүний салбар зөвлөлүүдтэй хамтран ажиллах хэрэгцээ шаардлага байгаа гэдгийг энд дахин тэмдэглэе.

Гуравт:

Дотоодынхоо хувьд дээрх тулгын гурван чулуугаа буюу төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагын хамтын ажиллагааг эхлүүлж, олон улсын худалдааны үндсэн 5 нөхцөлийг бүрдүүлсний дараа бид бусад улс орнууд, тэр дундаа хөрш орнуудтайгаа Чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулж, тарифын ба тарифын бус хязгаарлалтуудыг зохицуулах шаардлагатай болно.

Бид өнөөдрийг хүртэл хоёр хөрштэйгөө чөлөөт худалдааны гэрээ хийж амжаагүй, тийм ч учраас экспорт, импорт, тодорхой аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх тал дээр асуудалтай хэвээр байна.

Олон улсын худалдааг хөгжүүлэхийн тулд нэгдсэн бодлого, гаргаж гол түнш орнуудтайгаа чөлөөт худалдааны гэрээ, хэлэлцээр хийх нь маш чухал юм. 

Худалдааны хууль тогтоомж, нэгдсэн бодлогогүйгээс шалтгаалан бие биетэйгээ өрсөлдөх, үнэ тарифаа унагаах, стандартын бус хэлцэл хийгдэх зэрэг эрсдэлтэй байна.  Олон улсын худалдаанд хийгдэж буй худалдааны хэлэлцээрийн хэмжээ, үнэ тариф хамгийн чухал байдаг. Импортоор авч буй өргөн хэрэглээний барааг өндөр үнээр авах, тухайн барааны нийлүүлэлт тогтвортой бус байх зэрэг манай улсад тулгардаг асуудлууд ч цөм улс хоорондын худалдааны гэрээ хэлцлээс гол төлөв хамаардаг.

Энэ дээр би нэг тодорхой жишээ дурдаж тайлбарлавал илүү ойлгомжтой болох болов уу.

Шинэ зеланд улс ба БНХАУ-ын хооронд хийгдсэн чөлөөт худалдааны хэлэлцээрийг би жишээ болгож товч танилцуулъя.

2024 оны 1-р сарын 1-нээс эхлэн Шинэ Зеландын сүүн бүтээгдэхүүн Хятад руу татваргүй нэвтэрч эхэлсэн нь Хятад-Шинэ Зеландын чөлөөт худалдааны хэлэлцээрт тусгагдсан стратегийн татварыг тэглэх үйл явцын оргил үе болсон юм. Энэ нь Шинэ Зеландын бизнес эрхлэгчид болон сүүн бүтээгдэхүүний салбарт оролцож буй хөрөнгө оруулагчдад шинэ боломж олгохын зэрэгцээ Хятадыг Шинэ Зеландын хамгийн том худалдааны түнш болгов.

Шинэ Зеланд 2008 онд Хятадтай чөлөөт худалдааны ерөнхий хэлэлцээр байгуулжээ. Харин сүү бүү бүтээгдэхүүн дээр нарийвчилсан хэлэлцээр хийх үйл явц бараг 20 жилийн дараа анх тогтоосон 10 хувийн татварын татвар буюу тарифын хязгаарлалтыг тэглэж чадсан байна. Түүнчлэн Шинэ зеландаас авах сүүний хэмжээнд тогтоосон хязгаарлалт буюу тарифын бус хязгаарлалтыг өөрчлүүлж чадсан байна. Ингэснээр Шинэ Зеландын компаниуд 2023 оны эхний есөн сард Хятадад 2 тэрбум ам.долларын тосгүй, хуурай сүүний борлуулалт хийсний үндсэн дээр хамгаалалтын арга хэмжээний үр дүнд Хятадын засгийн газарт Шинэ Зеландууд 200 сая ам.долларын татвар төлсөн бол 2024 оноос татваргүй болж байгаа гэсэн үг юм.  

Статистикийн сүүлийн үеийн мэдээллээр, Хятадын махны зах зээл 2027 он гэхэд 181.92 тэрбум ам.долларт хүрч, жилийн 19.42%-ийн өсөлтийн хурдаар геометрийн өсөлттэй байх төлөвтэй байна.

Хятадын махны импортын дийлэнх хувийг буюу эзлэхүүний 98 орчим хувийг Аргентин, Канад, Шинэ Зеланд, Бразил, Уругвай, Австрали зэрэг улсууд эзэлдэг. 2026 он гэхэд Хятадын дундаж хэрэглэгч жилд 55 кг мах хэрэглэх төлөвтэй байгаа нь 2017 оныхоос 10%-иар өссөн үзүүлэлт юм.

Манай улс ч гэсэн тодорхой бараа бүтээгдэхүүн, салбараар чөлөөт худалдааны гэрээ, нарийвчилсан хэлцэл хөрш улсуудтайгаа, гуравдах хөршүүдтэй байгуулж, боомтын хөгжлөө зорилгожуулах хэрэгтэй. Уул уурхайн салбараас гадна хөдөө аж ахуйн салбар, эдийн засгийн коридорын үр өгөөжийг хүртэх зэрэг олон зорилго, зорилтыг та бид хэлэлцэж, энэхүү форумаас нэгдсэн ойлголт, шийдэлд хүрнэ гэдэгт итгэж байна.

Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна