Хоёр “А” Говь-Алтайг “МАНАН”-туулж, УИХ-д "хөтлөлцөж" орохоор тохирсон уу


Улс төрийн намууд сонгууль болгоноор л иргэдийн “тархийг угааж”, ялалтад хүрэх ямар нэгэн шинэ технологи сэдэж байдаг нь хэдийнэ ил болсон. Тэгвэл энэ удаад бүр сонгуулийн систем, олон намын тогтолцооны эсрэг бохир технологи хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн байж болзошгүй мэдээлэл чих дэлсэж эхэллээ.  

Тодруулбал, эрх баригч МАН-ын том улстөрчид ирэх сонгуульд нэр дэвших, цаашлаад ялахын тулд АН-аас “гарсан” аймгийн Засаг дарга нарыг “худалдаж авах”, цаашлаад таалагдахгүй, үгэнд нь орохгүй байгаа нэгний эсрэг элдэв гүтгэлэг явуулах зэрэг увайгүй, дүрэмгүй тоглолтууд хийж байгаа гэх.

Энэ ажиллагаанд нь АН ялсан аймгийн Засаг дарга нар илүүтэй өртөж байгаа бөгөөд Архангай аймгийн Засаг даргыг удаа, дараа чөлөөлсөн, Булганы Засаг дарга Б.Ариун-Эрдэнийг албан тушаалаас нь чөлөөлж байсан, сүүлд Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийг орон нутгийн “Тавантолгой” ХК-д хамаатуулан “Нүүрсний сонсгол” руу татаж оруулсан зэргээс харагддаг. 

Өөрөөр хэлбэл, төв намын хүч нөлөөг ашиглаж төвийн, илүү өргөн хүрээнд танигдсан улстөрчдөд ашигтай байдал үүсгэж байгаа байдал ажиглагдаж ирсэн бөгөөд тойргийг томсгож, бүсчилсэн нь сайхан зөвтгөл болж буй.   

Тухайлбал, МАН-ын генсек, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ирэх сонгуульд төрөлх Говь Алтайдаа нэр дэвшихээр эртнээс бэлдэж буй.

Өөрөө НИТХ-ын сонгуулиас өөр сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн туршлага байхгүй ч МАН-ыг олон сонгуульд дараалан ялуулж, “Улс төрийн Моцарт” хэмээн нэрлэгдэх болсон түүнийг ирэх сонгуульд ямар уран нарийн арга барилаар ялах бол гэдэг хүлээлт Говь Алтайд төдийгүй улсын хэмжээнд үүссэнийг ч үгүйсгэхгүй. Тэгвэл тэрээр Говь Алтайн АН-ыг сонгуулийн үеэр өөртөө үйлчлүүлж ялах санаанд оромгүй төлөвлөгөө зурсан гэх яриа улс төрийн “хөшигний ард” ид яригдаж байна.

Үүний хариуд гэх үү, урьдчилгаанд гэх үү, Засаг дарга О.Амгаланбаатарыг “АН-ын жагсаалтад оруулж өгөхөөр тохирсон” гэх шуум ч саарал ордноор “нисч” буй нь хачирхалтай.

Хэрвээ бүхэл бүтэн аймгийн Ардчилсан нам эсрэг талынхаа хүнийг дэмжиж ажиллавал олон намын тогтолцоотой холбоотой том асуудал. Гэхдээ, Говь Алтайн улс төрд МАНАН үүсгэсэн гэж харж болохуйц түүхүүд бий.

2016 оны сонгуулиар Аймгийн ИТХ-д олонх болсон /Бие даагчийг/ МАН-нын төлөөлөгчид нь 2019 онд Засаг дарга С.Гансэлэмийгээ огцруулах гэж оролдоход тэрээр АН-ын гишүүдтэй тохирон тогтож үлдэж байв.

2020 оны сонгуульд ч ялгаагүй, ялалт байгуулсан АН-ын гишүүд МАН-ын гишүүдтэйгээ хуйвалдан, МАН олонх байсан өмнөх ИТХ-ын баталсан төсвийг задалж, шинээр “боосон” түүхтэй.

Нөгөө талаар, Ерөнхий сайд 2020 онд О.Амгаланбаатарыг нэлээд “гүрийлгэж” байж батламжилсны дараа тийм үйл явц болж байсан нь хэвлэлийн хуудсуудаар одоо ч бий.

Сүүлд хошин мэдрэмж өндөртэй УИХ-ын дарга Г.Занданшатар түүнийг “Говь-Алтай аймгийн Засаг дарга чинь аль намын хүн юм” гэж УИХ-ын индэр дээрээс цаашлуулж байв.

Хантайшир уулын аймгийн 100 жилийн ойгоос хойш улс төрийн хүрээнд яригдаж буй уг яриа үнэн эсэхийг цаг хугацаа л харуулах биз. 


 

 

 

 

 

 

 

 

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.