Өнөө өглөө Тайванийн зүүн эрэгт 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, хөрш зэргэлдээ улсуудад нь цунамигийн сэрэмжлүүлэг зарлагдлаа. АНУ-ын Газар судлалын хүрээлэнгээс өгсөн мэдээллээр, түлхэлтийн төв нь тайванийн Хуалиен хотоос өмнө зүгт 18 км-т байжээ. Тус хотод барилгууд хэсэгчлэн нурж, зарим нь эргүүлэн босгох ямар ч найдваргүйгээр хазайсан байна.
Гамшигтай холбоотойгоор тус улс эдийн засгийн чухал ач холбогдолтой үйлдвэрүүддээ бэлэн байдал зарлаж, заримыг нь нүүлгэн шилжүүлжээ. Тухайлбал, чип үйлдвэрлэлийн салбарын аварга загас TSMC зарим үйлдвэрүүдээ нүүлгэн шилжүүлжээ. TSMC нь Apple болон Nvidia зэрэг технологийн фирмүүдэд хагас дамжуулагчийн томоохон үйлдвэрлэгч юм.
Эхний түлхэлт орон нутгийн цагаар 07.55 цагт /Монголын цагаар 08.55/ болсон бол түүний араас дор хаяж 4 баллын хүчтэй есөн түлхэлт ар, араасаа болсон аж.
Гамшгийн улмаас улс даяар цахилгаан эрчим хүчний хангамж доголдсон. Уулархаг нутгаар хөрсний гулгалт үүсэж, барилга байшинд эвдрэл гарсан байна. Хохирлын хэмжээг одоогоор тооцоогүй ч үлэмж хэмжээний дүн гарах магадлалтай гэдгийг эдийн засагчид сануулж байна.
Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг шууд зогсоож, сурагчдыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.
Япон, Филиппин улс цунамигийн гамшгийн сэрэмжлүүлэг зарласан ч дараа нь түвшинг нь бууруулжээ. Гэхдээ эрэг орчмын оршин суугчдыг өндөрлөг газарт нүүн шилжихийг анхааруулсаар байна. БНХАУ-ын Фужиан мужид мөн чичирхийлэл мэдрэгджээ.
Газар хөдлөлтийн хүчийг магнитуд, баллаар хэмждэг. Магнитуд нь тухайн газар хөдлөлтийг үүсгэж буй тэсрэлтийн хэмжээ бөгөөд газрын гадаргад ойр, эсвэл хол байгаагаас шалтгаалан чичирхийллийн хүч янз, бүр байх боломжтой. Сая Тайванийн газар хөдлөлийн төв 15 км-ийн гүнд буюу гадаргатай ойрхон байсан нь хохирлын хэмжээ их гарахад нөлөөлсөн байна.
Энэ удаагийн газар хөдлөлт Тайваньд сүүлийн 25 жилд болсон газар хөдлөлтүүдээс хамгийн хүчтэй болсон. 1999 оны есдүгээр сард Тайваньд 7.6 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 2400 хүн амиа алдаж, 5000 барилга нурж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна