Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

Zuv.mn
2024/04/03

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 

Хуулийн төслийн зорилт нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн улсын төсөвт төвлөрсөн орлогыг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах юм. Улмаар сангийн эх үүсвэр, төрөл, зориулалтыг тодорхойлох, сангийн хөрөнгийг удирдах бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулна. 

Хуулийн төслийг баталснаар Үндэсний баялгийн нэгдмэл сан бүрдэж, түүний төрөл, хуваарилалт, үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт бий болох замаар Монгол Улсын эдийн засаг, нийгэм, хууль зүй, хүний хөгжлийн төвшинд дараах эерэг үр нөлөө гарна гэж үзжээ. 

  • Үндэсний баялгийн сангаар дамжуулан байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн суурь зарчим хангагдана.
  • Байгалийн баялаг, түүний дотор газрын хэвийн баялгийн үр өгөөжөөс бүрдсэн Үндэсний баялгийн санг бий болгох эрх зүйн орчин бүрдсэнээр 2019 оны Үндсэн хуулиийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялгийг ашиглах суурь зарчим, нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас бий болсон үр өгөөжийг өнөө ба хойч үеийн иргэн бүрд тэнцвэртэй хуваарилах үзэл санааны суурийг илүү тодорхой болгон баталгаажуулж, бодитоор хэрэгжих эрх зүйн орчин бий болно.
  • Хөгжлийн сангаар дамжуулан хөгжлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлснээр олон тулгуурт эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах суурь бүтцийг бий болгосноор түүний үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүр тэгш хүртэх боломж бүрдэнэ.
  • Хуримтлалын сангаар дамжуулан одоо үеийн иргэн бүрийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны суурь хэрэгцээг хангах хөтөлбөрүүд хэрэгжүүлснээр иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Ирээдүй өв сангаар дамжуулан ирээдүй үеийн иргэн бүрд тэгш хүртэх хуримталыг бий болгоно.
  • Ирээдүй өв сангийн хуримтлалын зарим хэсгийг өндөр өгөөжтэй, эрсдэл багатай гадаад санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, хөрөнгийн зах зээлээс өгөөж хүртэж, санг арвижуулах боломжийг бүрдүүлнэ гэж Засгийн газраас үзжээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна