Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

С.Гандэлгэр
2024/04/05

Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.04.04/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Г.Ганболд, Ж.Батсуурь, Ц.Сандаг-Очир, Б.Баттөмөр, Т.Энхтүвшин, Н.Энхболд, Д.Сарангэрэл, Б.Бейсэн, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, хариулт авсны дараа гишүүд төслийг дэмжсэн, дэмжээгүй талаараа үг хэлэв.


Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, хуулийн төслийг дэмжигүй байгаа шалтгаан нь төсвөөс санхүүжүүлэх шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг тус сангаас санхүүжүүлэхээр зааж улмаар улсын төсөв, хөгжлийн сан хоёрыг нэрнээсээ өөр ялгаагүй болгосон нөхцөл байдалтай, үзэл баримтлалтай төсөл орж ирсэнтэй холбоотой. Мөн маш олон харилцааг зохицуулахгүй, Засгийн газар, УИХ-ын  тогтоолоор шийднэ гэсэн зохицуулалттай, зарчмын асуудлууд нь зөрчилтэй шийдэл гаргаагүй байгаа нь  хуулийн төсөлд  хариуцлагагүй хандаж,  яаравчлан оруулж ирсэн  байна гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Харин Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, өргөн барьсан төслийг хэлэлцүүлгийн явцад сайжруулах, гишүүдээс гаргаж буй саналуудыг тусгаад, УИХ дахь намын бүлгүүдээс хуулийн төслийг хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсэгт оруулж ажиллуулан чамбайруулах нь зүйтэй. Ялангуяа сангийн хөрөнгийн арвижуулах бодлогыг тусгах, газрын доорх баялгийнхаа нөөцийг тогтоох ажлыг хэрхэн хийх талаар нухацтай хандах шаардлагатай байна гэсэн саналыг хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан төслийг дэмжиж буй талаар үг хэлэхдээ, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэн хэлэлцүүлж байгаа энэ хуулийн ач холбогдол өндөр. Бидний өөрсдийн туулж ирсэн зам, ирээдүйн зорилго, цаг үеийн хүндрэл бэрхшээлүүдийг нарийн эргэцүүлж тооцож, алсдаа тогтвортой хөгжлийг бий болгоход Үндэсний баялгийн сан Монгол Улсад эдийн засгийн бие даасан байдлыг бий болгоно гэж байлаа. Мөн баялгийн олборлолт болон бусад түүхий эд, эх үүсвэрээс олсон орлогын тодорхой хэсгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлснээр хойч үедээ эх орныхоо байгалийн баялгийн үр шимийг бодитойгоор үлдээх, хүртээх нөхцөлийг бүрдүүлж байна гэж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байна. Цаашид хуулийн төсөлд орлогын зарцуулалтыг тодорхой тусгах шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ирээдүйн өв сангийн тухай, Хөгжлийн банкны тухай хуулийн хэрэгжилтэд алдаа гарсан. Тэр алдааг энэ хууль дээр давтаж болохгүй гэдгийг тодотгоод төслийг олон талаас маш сайн хэлэлцэх  нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.


Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулж байгаа тул хариуцлагатай сайн ажиллаад хуулиа батлах нь зөв. Иргэдтэй уулзахад “Эрдэнэс Тавантогой” компанийн 1072 хувьцааны ашгийг хүртэж эхэлсэндээ баяртай байна. Гэхдээ цаашдаа хуримтлал үүсгээд гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх, хөгжлийн шинэ түвшинд хөгжил хүрээсэй гэх зэргээр хүлээлт үүссэн байна. Иргэдийн хүлээлтийг хэрэгжүүлэх ажлыг хөгжлийн сангаас санхүүжүүлэх бүрэн бололцоотой. Иймд хуулийн төслийг маш нухацтай, тун хариуцлагатай хэлэлцэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр 2019 оны Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт удаан хэлэлцсэний эцэст амьдралд хэрэгжих гэж байгааг дурдаад хамгийн чухал нь Үндэсний баялгийн сан бусад сангууд шигээ “авлигын сан” болж болохгүй гэдгийг анхааруулж байлаа.

Ингээд Эдийн засгийн байнгын хорооны саналын дагуу “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье” гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 69.0 нь дэмжив. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна