Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр: Алдагдсан найман жилийн алдааг засна

Zuv.mn
2024/04/09

Ардчилсан намын 34 жилийн ойн баярын үеэр Ардчилсан намын дарга Лу.Гантөмөртэй ярилцлаа.

‑Танай нам 34 жилийн ойгоо нэлээд ажил хэрэгч тэмдэглэлээ. Өнгөрсөн гучаад жилийн алдаа оноог дэнсэлбэл?

-1990 онд Ардчилсан нам байгуулагдсанаар Монголчууд улс төрийн эрх чөлөөгөө олж, тусгаар тогтнолоо бүрэн утгаар нь баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл Кремльд шийддэг байсан эрх мэдлийг монголдоо авч чадсан явдал. Энэ нь Кремлийн тавиулуудыг төрийн эрхээс шахаж, иргэд нь төрөө өөрсдөө сонгодог болсон явдал. Өмнөх нийгэмд одооны яриад байгаа дабль стандарт гээч зүйл бүрэн утгаараа ноёрхож байсан. Ганц намдаа социализмд үнэнч цөөн тооны хүмүүсийг элсүүлж, тэднийгээ бусад хүмүүсээс дээгүүрт тавьж, тусгай хангамж, эрх эдлүүлэх гэх мэт ялгаатай байдлыг бий болгодог. Харин Ардчилсан нам гарч ирснээр намд эрдэмтэн, сэхээтэн, ажилчин, залуус, ер нь хүссэн бүхэн орж, үзэл бодлоо илэрхийлж улс орноо удирдахад гар бие оролцож болохыг харуулсан. Иргэдийн сонголтын үр дүн ямар байхаас үл хамаарч иргэд төрөө сонгож, өөрсдөө төрд сонгогдох эрх чөлөөгөө олсон нь том ололт шүү. Мэдээж алдсан зүйл их бий л дээ. Үүнээс ч улбаалаад зарим хүн ардчилалд эргэлзэх, ардчилал ер нь хэрэгтэй юм уу гэх яриа хөөрөө ч гарах болсныг үгүйсгэх аргагүй.

-Тэгэхлээр та ардчилал гажуудаж, арай буруу замаар явсан гэдэгтэй санал нийлж байна уу? -Ардчиллын үнэт зүйлс алдагдаж байгааг та ч, би ч, бид бүгдээрээ л харж байна шүү дээ.

‑Өнгөрсөн 34 жилийн хугацаанд Ардчилсан нам дөрөвхөн жил л дангаар засагласан байдаг. Коммунист угшилтай нам ардчиллыг хумидаг юм байна гэдгийг харж байна. Ер нь социалист онол бол тэгштгэлийн тогтолцоо шүү дээ. Хувийн өмчийг үзэн ядаж, хүн бүр адилхан бодож, ижилхэн үг хэлж, биесээсээ ялгарахгүй байхыг тунхаглаж, шаардаж, хэрэгжүүлдэг. Социалист нийгэмд төр дарангуйлж, иргэд дуулгавартай гүйцэтгэгч буюу хатуухан хэлбэл манкурт боолын хэмжээнд очдог. Нэгэнт эрх чөлөө, ардчиллын үнэ цэн, үнэт зүйлийг мэдэрчихсэн хүмүүс эрх баригчдын бодлого, үйл ажиллагаанд дургүйцээд байгаа юм. Хамгийн гол нь эдийн засгийн эрх чөлөөг төрөөс хумиж, дарамтанд оруулж байна. Социалист угшилтай нам хийж бүтээж өөрийнхөөрөө амьдрах гэсэн хүмүүсийн хүсэл сэтгэл, боломжийг боомилдог юм байна. Ингэснээрээ иргэд, ялангуяа залууст боломж олдохгүй учраас эх орноосоо дүрвэхэд хүрч байна. Хүн бол баялаг. Энэ баялаг дээрээ бус төрд түшиглэдэг тогтолцоо бий болчихлоо. Энэ бүхэн ардчиллыг гажуудуулж байгаа гэж дүгнэх хангалттай шалтгаан. Ер нь энэ талаар ганц бид ч биш дэлхий дахинд ч, нэн ялангуяа хуучин коммунист тогтолцоонд байсан зүүн Европын орнууд ярьж хэлж, засч залруулахаар ажиллаж байна.

-Тэрвэл энэ гажуудлыг хэн, хэрхэн ямар аргаар засч залруулах вэ?

-Ардчилсан нам иргэдтэйгээ хамтарч засна. Тэгтлээ дарангуйлал тогтож, ардчилал бүхэлдээ аюулд орчихоогүй байна. Ямартаа ч сонгох, сонгогдох эрх нь иргэдэд нээлттэй байна. Ерөөсөө л нэн тэргүүнд өмчтэй болж, баялаг бүтээх эрхийг нь иргэддээ өгөх ёстой. Бид Бүрэн ардчилал гэж яриад байгаа нь үүнтэй холбоотой. Бидэнд байгаа улс төрийн эрх чөлөөг нь эдийн засгийн эрх чөлөөгөөр нь баталгаажуулъя. Үүн дээр суурилж шударга ёсны эрх чөлөө, тусгаар тогтнолын эрх чөлөө нь ирнэ гэж бид үзэж байна. Тэр цагт ардчилал зөв гольдролдоо орох болно.

-Танай нам удирдлагын түвшинд ихээхэн залуужсаныг харлаа. Үе солигдож байна гэж дүгнэж болох уу?

-Ганцхан удирдлагын түвшинд ч биш залуус Ардчилсан намыг сонгож байна. Энэ нь өөрийнхөөрөө амьдрах, ирээдүйгээ төлөвлөж бүтээх гээд хүсэл мөрөөдөлтэй нь холбоотой. Өнөөдөр МАН-ын гишүүн л биш бол дэгжин дэвших, амьдралд хөлөө олох, хүссэн ажилдаа орох боломжгүй байна шүү дээ. Үүнийг л өөрчлөх гэсэн эрүүл сэтгэлгээтэй залуус манай намыг сонгож байна. Тиймээ манай намын удирдлагын баг дан залуусаас бүрдсэн. С.Цэнгүүн, Б.Батзаяа гээд "Z" үеийн олон залуус намын нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Ер нь залуус л өөрчлөлт шинэчлэлтийг зоригтой хийж, цаг үеийнхээ болон ирээдүйн хөгжлийг бий болгодог юм байна. 1990 онд залуус л хувьсгал хийсэн. Одоо ч залуус л өөрчлөх болно. Тэд энэ цаг үеийнхээ бүтээгдэхүүн учраас орчноо, ирээдүйгээ арай өөрөөр харж чаддаг. Бид залуустаа итгэж байгаа.

-Та эрх баригчдыг хатуухан шүүмжилсэн. Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг товчхон дүгнэвэл?

-Товчхон дүгнэх амархаан. Ганцхан бүтээн байгуулалтын жишээг л хэлье. Ардчилсан нам дөрвөн жилд 3000 км автозам тавьж чадсан бол Ардын нам засагласан найман жилд Дарханы чиглэлийн 200 гаруйхан км замыг дуусгаагүй л байна. Ганц ч Цахилгаан станц баригдсангүй. Бүр тог цахилгаан тасалдаж хязгаарладаг боллоо. Энэ мэтчилэн яриад шүүмжилбэл дуусдаггүй яриа гэдэг шиг юм болно. Бид өнгөрсөн хугацааг товчоор "Алдагдсан найман жил" гэж дүгнэж байгаа. Гадаад зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш өссөн гээд таатай боломжуудыг ашиглаж чадсангүй гээд яривал их юм бий. Алдагдсан он жилүүдийн гашуунаар улс төр хийхээсээ илүүтэй бид урагшаа харж юу хийж бүтээх талаараа ярьцгааж байна. Алдагдсан найман жилийн алдааг бид заснаа.

Ярилцсан Б.Ганхуяг 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.26.197
    2024/04/09

    өөр үг олдохгүй юу жижүүрийн ийм үгнээс залахлаа

    Хариулах