Шүүх тогтолцооны ялгаа, арилж амжаагүй ойлголтын зөрүү-Тогтворгүй байдал импортлох суурь

Zuv.mn
2024/04/16

Улс орнуудын шүүх засаглалын тогтолцооны ялгаатай байдал дээр “тоглон” улс төрийн ашиг хонжоо гаргах оролдлого сүүлийн жилүүдэд эрс ихэсжээ. Шүүх засаглалын хаалттай хэлбэртэй улс орнуудын зүгээс нээлттэй шүүхтэй улс орнуудыг ашиглан дотоодын улс төрдөө ашиглах технологи гарч, хорон нөлөөгөө үзүүлсээр байна. Шүүхийг нээлттэй болгох, шинэ тогтолцоонд ард иргэдийнхээ оюун санаанд нутагшуулах нь бохир технологид өртөхгүй байх ганц арга зам. Харамсалтай нь, иргэд шинэ тогтолцоог хүлээж авахад тогтолцоог өөрчлөхөөс илүү урт удаан хугацаа шаардагддаг учир дархлаа бүрэн суутлаа хохирсоор байх магадлалтай байгаа юм. Бид энэ удаад бүрэн төгс хийгдээгүй шүүх тогтолцооны өөрчлөлт, иргэдийн тархинд байсаар буй ойлголтын зөрүүг ашиглан олон нийтэд нөлөөлдөг улс төрийн бохир арга хэрэгслийн талаар мэдээлэл бэлтгэлээ.   

“Москва найтаахад Монгол ханиад хүрдэг” байсан бол одоо “АНУ-ыг найтаалгаж Монголыг ханиалгах”-ыг эрмэлзэж байна

Хуучин нийгмийн үед “Москвад найтаахад Монголд ханиад хүрнэ” гэж ярилцдаг байлаа. Гэхдээ Москвагийн найтаалт нь Монголд нөлөөлөх гэсэн оросуудын өөрсдийнх нь хүсэл эрмэлзэл дээр тулгуурладаг байсан. Харин сүүлийн жилүүдэд болж байгаа шүүхийн тогтолцооны ялгаан дээр суурилсан өрсөлдөгчөө харлуулах технологийг ашиглагчид нь дотоодын буюу монголчуудын өөрсдийн ашиг сонирхол бөгөөд тэд энэхүү бохир аргадаа ихэвлэн АНУ-ыг ашиглаж байна.

АНУ-д шүүх эрх мэдэл нээлттэй тогтолцоогоор хэрэгждэг бөгөөд энэ тогтолцооны үеэд шүүхийн үйл явц гомдол гаргахаас эхлээд эцэслэн шийдэх хүртэл бүх үйл явц олон нийтэд нээлттэй байдаг, хэвлэлд мэдээллийг чөлөөтэй өгдөг онцлогтой.

Нээлттэй ил тод байдал нь шүүгчид тухайн хэргийг үнэн зөв шийдэх сонирхол төрүүлж, энэ нь эргээд иргэдийн Шүүхэд итгэх итгэлийг хангах гол хүчин зүйл гэж үздэг учраас энэ тогтолцоог хэрэглэдэг. Иргэд ч ямар нэг хэргийн талаарх мэдээ, мэдээллийг тухайн үе шатанд нь тусгаж аваад сурчихсан, нотлогдох, нотлогдохгүй нь тусдаа асуудал гэдгийг ойлгон хөнгөн хүлээж авдаг. Мэдээлэл түгээхдээ ч “Хэрэг хаашаа ч шийдэгдэж болох тул хэт их ач холбогдол өгөхгүй байх”-ыг заавал сануулдаг.

Харин хаалттай шүүх тогтолцооны үед хэргийг шалгаж шийдвэрлэх явц олон нийтэд ил байх нь эцсийн шийдвэрт нөлөөлнө гэж үзэн хуулиар хориглодог. Энэ ялгаанаас болоод иргэд нь шүүхээс гарч байгаа мэдээллийг нотлогдсон мэтээр хүлээж авах хандлагатай байдаг байна. Чухамдаа энэ ойлголтын зөрүү л азльт этгээдүүдэд тоглолт хийх боломж олгодог аж.  

Монголд ашигласан кэйсүүд

Гаднын шүүхэд гомдол гаргаж нэр төрийг нь харлуулах технологид өртсөн улс төрч Монголд гарын арван хуруунд багтахгүй болсон. Тэднээс хамгийн олон удаа өртөж байгаа Ерөнхий сайд асан Сү.Батболдын сүүлийн кейсийг авч үзье. АНУ-ын Нью Йоркийн шүүхэд иргэнээс “Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд Нью Йоркт 14 сая ам.доллараар үл хөдлөх хөрөнгө худалдан авч мөнгө угаасан байж болзошгүй” гэсэн гомдол ирсэн.

Хуулийн байгууллага гомдлыг хүлээж авснаа мэдэгдэн, шалгаж шийдвэрлэхээ илэрхийлсэн тухай мэдээлэл АНУ-ын Хууль зүйн яамны албан ёсны цахим хуудаст тавигдсан / https://www.justice.gov/opa/pr/justice-department-seeks-forfeiture-14-million-manhattan-apartments-purchased-proceeds/.

Монголчууд энэ мэдээллийг “Нэг жиг ургажээ” гэж хүлээж авна, харин америкчууд тоох ч үгүй. Яагаад гэвэл Хууль зүйн яам албан ёсны сайтдаа гарсан мэдээндээ тухайн хариуцаж авсан албан тушаалтны хуулийн дагуу шийднэ гэсэн /бараг хэвлэлийн алба нь копидож тавьдаг байх гэмээр/ жижүүрийн мэдэгдэл оруулаад дор нь “A civil complaint is merely an allegation. The government has the burden of establishing the assets are subject to forfeiture by a preponderance of the evidence” буюу “Иргэний гомдол бол зүгээр л гомдол. Нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд хөрөнгө хураах эрх зөвхөн Засгийн газарт байна” гэсэн утгатай сануулга тавьсан байгааг америкчууд мэдэж байгаа. Харин монголчууд харахгүй, сэвж байгаа хэвлэлүүд нь энэ хэсгийг харуулах ч үгүй. 

Энд жишээ болгож, яамны цахим хуудаст байх Сү.Батболдтой холбоотой бас нэгэн гомдлыг /https://www.justice.gov/usao-edny/pr/united-states-seeks-forfeiture-former-mongolian-prime-ministers-luxury-new-york-city/ орууллаа. Мэдээллийн доор “A civil forfeiture complaint is merely an allegation that money or property was involved in or represents the proceeds of crime.  These allegations are not proven until a court enters judgment in favor of the United States” гэж бичсэн байх бөгөөд орчуулбал “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай гомдол нь зөвхөн мөнгө, эд хөрөнгө нь гэмт хэрэгт холбогдсон, эсхүл гэмт хэргийн орлого байж болзошгүй гэсэн гомдол юм. Шүүхээс АНУ-ын талд шийдвэр гаргах хүртэл эдгээр сэжиг нотлогдохгүй”.

Нээлттэй шүүхийн тогтолцоотой улсыг ашиглаж хүний нэр төрд халдах гэдэг нь энэ. 

Яагаад сонгуулийн жил гэж...

Их учир бий. Хуулийн байгууллага гомдлоор ажилладаг бөгөөд гомдол ирсэн л бол шалгах үүрэгтэй. Харин шалгаж магадлах үйл явц нь хуулиар тогтоож өгсөн хугацаатай байдаг.

/Шүүхээр гомдол шийдвэрлэх процессын зураг/

Бохир технологи хэрэглэх гэж байгаа этгээд энэ хугацааг сайтар тооцож гомдлоо гаргадаг ба шалгах үйл явц нь нөлөөлөхийг хүсэж байгаа үйл явдлаас хойш байхаар тооцоолдог. Харин нөлөөлөхийг хүсэж байгаа үйл явдал нь /жишээ нь сонгууль/ болсны дараа Шүүх гомдлыг нотлогдохгүй байна хэмээн буцаах бөгөөд зальт этгээдүүд аль хэдийнэ санасандаа хүрчихсэн, хохирогч харин хохирчихсон байдаг.   

АНУ-д хөрөнгө эзэмшсэн бүх улстөрч бохир технологид өртөх өндөр эрсдэлд байна

АНУ бол дэлхийн хамгийн том зах зээл. Тэр ч утгаараа АНУ-тай харилцахгүй, хөрөнгө оруулаагүй улс гэж байхгүй. Тэгвэл өнөөдөр бодит байдал дээр тус улсад хөрөнгө оруулсан, үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бүх улс төрчдөд яг ийм эрсдэл үүсээд байна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АНУ-д байшин худалдаж авсан охиноосоо болж асуудалд орж байгаа нь ч үүний нэг жишээ. Харамсалтай нь, тэрбээр ийм байдалд орох сүүлийн хүн биш.  

Ийм байдлаас яаж гарах вэ гэвэл, ерөөсөө л иргэдийнхээ тархины түгжээг “мулталж” байж гардаг. Харамсалтай нь, дээр хэлсэнчлэн, шүүхийн шинэчлэл хийгдсэн улсуудад ч тархины түгжээ нь мултартлаа уддаг тул эрсдэл хэвээр л байдаг байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.99.226
    2024/04/17

    Жинхэнэ Нүүрсний мафийн толгойлогч Сү Батболд Монголд төрийн эргэлт хийх гэж байгаа

    Хариулах
  • 103.57.94.228
    2024/04/16

    АНУ-д хэсэг хугацаанд амьдарч байхдаа 7 хоногийн 1 өдөр нь нээлттэй шүүх хурлыг ТВ-ээр дамжуулдаг юм билээ. Энэ нь хүмүүст хууль эрх зүйн сурталчилгаанаас гадна хүмүүсийн харилцаа, хуулийн мэдлэгийг олгоход чиглэгдсэн бдаг. Мэдээж төрөлжсөн шүүх ажиллаж бдаг. Хөдөлмөрийн, гэр бүлийн,.. хувьцааны...г.м. Манайд бол бараг байхгүйтэй адил. Харин зам тээврийн талаар овоо сурталчлах юм билээ. Гэр бүлийн Нарантуяа гэгч гарч ирээд чимээгүй... бас нэг залуу... Яадаг юм бол??? Цэргийнхэн болон хууль зүйн сайд нь балмагдаж , албан тушаалтайгаа үхэн хатан зууралдаж байгаа, ёс зүйгүй аашилж байгааг харж бна. Ийм байж дээр байгаа зарим улс төрчид болон албан тушаалтнуудын үлгэргүй байпдлыг жигшицгээж бна.

    Хариулах