Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Австрийн Вена мужийн ИТХ-ын дарга Эрнст Воллерыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр Австри Улсын Өргөмжит Консулын Газраас зохион байгуулсан Венийн вальс цэнгүүнд оролцохоор Улаанбаатарт иржээ. Австри нь гадаад улс оронд зохион байгуулж буй Венийн вальс цэнгүүнд заавал албан ёсны элч төлөөлөгчийг илгээдэг байна. Энэ хүрээнд ноён Эрнст Воллер гадаад улс оронд болсон “Венийн вальс”-ын 100-аад арга хэмжээнд оролцсоноос Улаанбаатарын цэнгүүн хамгийн сайхан байсан хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Мөн энэ арга хэмжээгээр дамжуулан Вена хот бусад хотуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг зорьдог аж. Улмаар Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Австрийн Вена хотод айлчлал хийхийг албан ёсоор урив.Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан уулзалтын үеэр “Вена мужийн ИТХ-ын дарга Монгол Улсад ирснээрээ цаашид танай хотын иргэд бидний талаар илүү их мэдэх боломж олдоно гэдэгт итгэлтэй байна. Олон зуун жилийн түүхтэй Европын хотуудын дэргэд Улаанбаатар нь залуу хот юм. Байгалийн эрс тэс уур амьсгалтай, нүүдэлчин ахуйтай монголчууд ХХ зууны сүүлийн хагасаас л хотжиж, орчин үеийн байдлаар соёлжиж, мөн үйлдвэржих, хөгжих замдаа орсон бөгөөд энэ явцад тулгардаг сорилтыг мөн давж байна” хэмээсэн юм. Энэ онд “Монгол, Австри Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн тохиож байгаа. Хоёр улсын дипломат харилцааны хүрээнд олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн сайн туршлагыг мөн Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан дурдлаа. Түүнчлэн Улаанбаатар хотод тулгамдаж буй авто замын түгжрэлийг хэрхэн шийдэхээр зорьж байна вэ гэсэн ноён Эрнст Воллерын асуултад тэрбээр “Энэ асуудлыг Засгийн газрын түвшинд авч үзэн, Улаанбаатарын төвлөрлийг задлах, Хөдөөгийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж байна. Мөн Улаанбаатарт олон төрөлт нийтийн тээврийг хөгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд хамгийн сүүлд метроны төслийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлаад байна” хэмээгээд, энэ хүрээнд хэрэгжүүлж буй бусад арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм.
Эх сурвалж: НИТХ-ын ХМТ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна