Говь Алтай аймгийн Монгол ардын намын даргаар Б.Сүхбаатар сонгогджээ. МАН дотоод шинэчлэлээ Засгийн газраас зарласан “Хөдөөгийн сэргэлт” хөтөлбөртэй уялдуулж, орон нутгийн удирдлагуудыг төвөөс аятайхан хүн тодруулж томилох замаар хэрэгжүүлсэн туршлага бий. Ховд аймгийн Засаг даргаар Ерөнхий сайдын зөвлөх Э.Болормааг, Завхан аймгийн Засаг даргаар ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Өнөрбаярыг Завхан аймгийн Засаг даргаар томилсныг энд дурдаж болно. Тэгвэл энэ туршлагыг орон нутгийн намын байгууллагад хэрэгжүүлж эхэлсний жишээ нь Б.Сүхбаатар болж байна.
Б.Сүхбаатар нь 2012 онд Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 2016-2024 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Сонгогдоод сул төлөөлөгч байгаагүй, Хот байгуулалт, орон сууцны хорооны дарга, 2020-2022 онд Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хариуцсан орлогч даргаар ажиллажээ.
Нийслэлийг хөгжүүлэх гол замын зураг болсон “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г Засгийн газрын “Алсын хараа 2050” хөтөлбөртэй уялдуулан боловсруулахад тэрбээр тодорхой үүрэг хариуцлага хүлээж оролцсон хүмүүсийн нэг. Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгож хөгжүүлэх, Гэр хороололд Дэд төвүүдийг байгуулан орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд Уур амьсгалын ногоон сан, Азийн хөгжлийн банкны 570 сая ам.доллараар “Улаанбаатар хотын орлогод нийцсэн Ногоон орон сууц”, БНСУ-ын “Эксим” банкны 114 сая ам.долларын санхүүжилтээр “Орлогод нийцсэн орон сууц” төсөл эхлүүлсэн нь одоо хэрэгжих шатандаа явж байгаа.
Говь Алтайн МАН-ын гишүүд орон нутгийн засаг захиргаанд иргэдийг төлөөлж олон жил ажилласан туршлагатай Б.Сүхбаатарыг даргаараа сонгосон нь удахгүй болох УИХ-ын сонгуульд амжилттай оролцох, цаашлаад 2020 оны орон нутгийн сонгуульд ялагдсан алдаагаа залруулах, улмаар “Хөдөөгийн сэргэлт” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх зорилготой нь тодорхой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна