Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль"-ийн төслийг өргөн мэдүүллээ.
Эл хуулийн төсөл нь товчхондоо газрын тосны салбарт хайгуул хийх хөрөнгө оруулагчид татварын хөнгөлөлт үзүүлэх зорилготой аж. Эрхлэх асуудлын хувьд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хамаарна.
Түгжрэлийн сайд болсноосоо хойш олигтой өөрчлөлт, түгжрэл бууруулах ажил хийсэнгүй. Хотын дарга Х.Нямбаатарын ард нуугдан чимээгүйхэн ажлаа өгөх өө хүлээж буй. Харин Б.Дэлгэрсайхан сайд түгжрэлийг бууруулахах анхаарах бус уул уурхай хүнд үйлдвэрийн салбарт илүү анхаарч байгаа бололтой. Түүний өргөн барьсан хуулийн төслийг тайлбарлавал:
Газрын тосны голлох олборлолт хийгдэж буй Тамсаг, Тосон-Уулын ордын тосны нөөц 14,02 сая.тн болж буурах, жилийн олборлолтын хэмжээ 700.0 мянгаас 400.0 мянган тонн хүртэл буурах төлөвтэй байгаа нь үйлдвэр ашиглалтад орох үед түүхий эдийн тогтвортой хангамжид эрсдэл үүсч болзошгүй байна.
Газрын тосны тухай хуулиар Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан аж ахуйн нэгж буюу Гэрээлэгч нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21.1.4-т заасны дагуу “ногдол ашгийн орлогод 10 хувиар, жилийн орлогод 25 хувь"-иар төлөх татвараас чөлөөлөгддөг.
Түүнчлэн, Газрын тосны тухай хуулийн 4.1.14-д "бүтээгдэхүүн хуваах гэрээ" гэж энэ хуулийн хүрээнд газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, гэрээлэгчийн хооронд байгуулсан гэрээг" ойлгохоор заасан бөгөөд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах боломжгүй учраас өөрт олгогдсон талбайд хөрөнгө оруулалт хийж, газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах, хамтран ажиллах хөрөнгө оруулагч компанийг Бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн нэгэн адил Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх эрх зүйн орчин бүрдүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Иймд Давст XXXI талбайд хөрөнгө оруулагчтай хамтран хайгуулын ажлыг эрчимтэй явуулснаар газрын тосны нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх, улмаар "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК нь тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн тодорхой хэсгийг өөрийн олборлосон тосоор хангах нөхцөл бүрдэнэ гэж үзэж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна