Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна

Х.Есү
2024/05/03

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,

 
Хүндэт нийслэлчүүд ээ, 
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
 
Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа олон жил тулгамдсан суурь реформын асуудалд анхаарал хандуулсаар ирлээ. Суурь асуудал шийдэгдэхгүй бол түүнээс улбаалсан зовлон хэзээ ч арилахгүй нь тодорхой юм.  
Бид хамтдаа цар тахлыг даван туулж, өргөн нарийн царигийн маргааныг эцэслэн боомтын боомийг тайлж, авлигын олон асуудлыг ил тод болгож, шүүхийн шатанд шилжүүллээ. Хөгжлийн банкны бондыг өөрийн эх үүсвэрээр нь бүрэн төлүүлж, Эрдэнэт үйлдвэр, Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хууль бус асуудлыг цэгцэлж, Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, Нүүрсний худалдааг биржээр нээлттэй арилжиж эхэлснээр далд эдийн засаг ил болж -4.6 хувьтай байсан эдийн засаг, 7 хувийн өсөлтөд хүрсэн нь 10 гаруй функтээр өссөн үзүүлэлт юм. Эдийн засаг  хоёр дахин тэлж, валютын нөөцөө таван тэрбум ам.долларт хүргэн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 1,700 ам.доллараар нэмэгдүүлж, 5,875 ам.долларт хүргэлээ.
Нэг үгээр хэлбэл, 2012 оны эдийн засгийн сэргэлтийн цаг хугацаатай ижил түвшинд ирж байна гэж ойлгож болно. Харамсалтай нь нэг гарсан алдааг засах гэж бүтэн 10 гаруй жил зарцуулагддагийг бид өнгөрсөн түүхээсээ суралцаж байна, иймд бид дахин алдахгүй байх ёстой.
Авлигын эсрэг тэмцлийн үр дүнд Үндэсний баялгийн сангийн хууль батлагдаж, эдийн засаг иргэн бүхэнд хүртээмжтэй болох суурь реформ хэрэгжиж эхэллээ. Баялгийн сангийн Хуримталын санд төвлөрүүлэх энэ жилийн орлогыг ипотекийн зээлийн эх үүсвэрт нэмэгдүүлснээр 10 гаруй жилийн дараа авахаар дараалалд орсон байсан 10 гаруй мянган иргэдийн орон сууцны асуудлыг шийдвэрлэнэ гэдэг бидэнд ямар боломж нуугдаж байсны энгийн нэг жишээ юм.
E-Mongolia цахимжилт амжилттай хэрэгжиж, шилэн ажиллагааны хүрээнд төрийн үйлчилгээ гар утсанд шилжиж, аливаа ашиг сонирхлын асуудал хэн нэгнээс хамааралгүй, ил тод болсоор байна.  Нийгэм ч авлигыг үл тэвчих сэтгэлзүйтэй болж төлөвшлөө. Энэ нь өнгөрсөн хугацааны тэмцлийн хамгийн чухал үр дүн билээ. Бид хүрсэн ёсзүйн өндөрлөгөөсөө доош унахгүй, харин цааш тэмүүлж чадвал авлигагүй нийгэм бүрдэх хугацаа хол биш ойр байна.
Дүр эсгэсэн хуурамч байдал өдрөөс өдөрт хүчгүйдэж, бодитой прагматик шийдлийн мэтгэлцээн өрнөж эхэлж байна.  
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентын 126 гишүүн бүхий сонгуулийн холимог тогтолцоонд шилжиж, хүйсийн тэгш байдлыг бүрдүүлэхэд томоохон алхам хийж, нийгмийн салбар төлөөлөл парламентад дуу хоолойгоо илэрхийлэх бодит боломж нээгдлээ.
Дэлхий дахинд манай энэхүү дэвшлийг сайн загвар болгон судалж байна. Бид сонгодог парламентын засаглалыг төлөвшүүлэхийн төлөө илүү хичээх учиртай.
Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны бодлоготой болж, 560 гаруй салангид баримт бичгүүдийг нэгтгэж чадсан нь мөн л олон улсад үнэлэгдэж улс орнууд туршлага судалж байна.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал амилж, сонгуулийн тойрог бүсчлэгдэн томорлоо.
Тухайн үед биелэгдэшгүй мэт сонсогдож байсан ч, эргээд харахад ард нь гарч чадсан Шинэ сэргэлтийн бодлогын реформыг дэмжсэн Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэнд талархал илэрхийлье.


 
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Давшгүй даваа бий гэнэм
Хэрхэн давах хэмээн бүү сэтгэ
Давъя хэмээн сэтгэвээс давагдъюу
Гэтлэшгүй мөрөн бий гэнэм
Хэрхэн гэтлэх хэмээн бүү сэтгэ
Гэтэлье хэмээвээс гэтэлъюу гэсэн эцэг өвгөдийн минь сургааль бий. 
Энэ удаа Монгол Улсын Засгийн газраас хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг Улсын Их Хуралд өргөн барьж байна.
Энэ эрхзүйн реформд хот тосгоны эрхзүйн байдал, нутаг дэвсгэрийн нэгж, зарим шинэ хотуудын эрхзүйн орчин, УИХ-аас гаргах санхүүгийн эх үүсвэрийн зарим тогтоол багтсан болно.
Монгол Улс нийслэл Улаанбаатар хотын засаг захиргааны бүтцэд 1960 оны долдугаар сарын 06-нд дөрвөн районтойгоор, түүнээс 32 жилийн дараа 1992 оны нэгдүгээр сарын 13-нд, есөн дүүрэгтэйгээр өөрчлөн зохион байгуулсан бол тэр цагаас хойш өнөөдөр мөн 32 жил өнгөрчээ.
Энэ нь нийслэл Улаанбаатар хотод эрс, мөн цогц реформ хийх цаг хугацаа болсныг харуулж байна.
Нийслэл Улаанбаатар хот Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0.3 хувь ч нийт хүн амын 50 гаруй хувь нь төвлөрөн амьдарч байна.
 
Нийслэлд дотоодын нийт бүтээгдэхүүний 63 хувь үйлдвэрлэгдэж, худалдаа үйлчилгээний 84.0 хувь, аж ахуйн нэгжүүдийн 70.0 хувь, их, дээд сургуулийн 90 хувь, бүртгэлтэй авто машины 84 хувь нь төвлөрч байна.
 
Нийслэлийн 35,206 га эдэлбэр газрын ердөө 700 га газар буюу Их тойрууд төрийн 140 байгууллага, Төрийн ордны байрлах хэсгийн 86-хан га талбайд Монгол Улсын хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын эрх мэдэл бүхэлдээ төвлөрсөн байна.
 
Засаглал бүхэн харилцан хяналт тэнцэлтэй байхын тулд эрх мэдлийн байршил салангид байх учиртай.
 
Ингэж байж сайн засаглал бүрдэх, эрхзүйт төр төлөвших суурь зарчим хангагдахаас гадна, аюулгүй байдал, мөн хэт төвлөрлийн асуудал бүрэн шийдвэрлэгдэх болно.
 
Товчхондоо Ерөнхий сайдын хувьд нийслэлийн хэт түгжрэл бол эрх мэдлийн хэт төвлөрөл гэдэг улс төрийн дүгнэлт хийж байна.
 
Нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд асуудлын илэрч буй шинж тэмдэгт төвлөрөх бус асуудлыг үүсгэгч шалтгаанд төвлөрөх нь хамгийн чухал байна.
Нийслэлийн асуудал шийдэгдэхгүйгээр улсын асуудал шийдэгдэхгүй ээ. 11-11 төвд ирж байгаа гомдлын 70 гаруй хувь нийслэлтэй холбоотой асуудал байсаар байна. 
 
Нийслэлийн асуудал Улсын Их Хурал, Засгийн газрын асуудал биш гэж галаас зугтсаар байвал Та бид асуудлаа бүр л илүү хуримтлуулна.
Нийслэлд асуудлаа бие даан шийдвэрлэх эрх мэдэл ч, төсөв ч байхгүй байсныг бид хүлээн зөвшөөрөх шаардлагатай.
 
Нийслэлийг харах ойлголтоо өөрчлөхгүйгээр бид асуудлын шийдлийг бүтэн олж харахгүй.
 
Нийслэлчүүд, иргэдийн маань хувьд ч асуудлыг харахаас илүү асуудлын уг үндэс дээр нийгмийн мэтгэлцээнийг өрнүүлмээр байна.
 
Үүнд дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагууд ч онцгой анхаарал хандуулахыг хүсье. Энэ дашрамд, нийт хэвлэл мэдээллийнхэндээ дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд дэвшүүлье.
 
Нутаг дэвсгэрийнхээ 0.3-хан хувийг хот, бусдыг нь хөдөө гэж нэрлэчихээр нийслэлийн иргэн байх гэсэн энгийн өрсөлдөөн ч иргэдийн дунд байсаар ирсэн нь нууц биш ээ.
 
Тиймээс бид ойлголт болон хандлагын түгжрэлээ мөн тайлах шаардлагатай болж байна.


 
Хүндэт нийслэлчүүд ээ,
Улс төрийн намын удирдлагууд аа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
 
Засгийн газраас өнөөдөр өргөн барьж буй 20 минутын хот эрхзүйн цогц реформ хэлэлцэн батлагдсанаар дараах асуудлууд шийдвэрлэгдэх болно.
 
Нэг. Нийслэл Улаанбаатар хотоос гадна Хөшигийн хөндий буюу Шинэ зуун мод хот, Шинэ Хархорум, Дархан, Эрдэнэт, Багануур, Налайхыг улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх, цаашид бүс бүхэн, боомт бүр улсын зэрэглэлтэй хоттой болох эрхзүйн боломж нээх юм.
 
Хоёр. Нийслэл Улаанбаатар хотыг дараах 14 хотод хуваан бие даан хөгжүүлнэ. Үүнд:
-Хан-Уул хот
-Яармаг хот
-Буянт-Ухаа хот
-Сонгинохайрхан хот
-Толгойт хот
-Баянхошуу хот
-Өнөр хот
-Баянгол хот
-Чингэлтэй хот
-Сэлбэ хот
-Сүхбаатар хот
-Дарь-Эх хот
-Баянзүрх хот
-Амгалан хот,
Эдгээр хотод иргэн бүр төрийн үйлчилгээг 20 минут дотор авахаар их өгөгдөлд тулгуурласан цахим төлөвлөлт бүхий нэгдсэн стандарт тогтоох юм.
 
Гурав. Нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон орон нутгийн хотын статустай томсгох, ингэснээр манай хороодын удирдлагууд шууд төсөв захиран зарцуулах эрх мэдэлтэй болно. Нэг үгээр хэлбэл, дамжуулагчийн үүргийг эцсийн шийдвэр гаргадаг нэгж болгоно.
 
Эрүүл мэнд, боловсрол, онцгой, цагдаа, нийтийн тээвэр, нийгмийн хөгжил, соёлын цогц үйлчилгээнд явган, дугуйн зам, усан бассейн, фитнесс клубээс эхлээд амьдралын чанарын бүх үйлчилгээ 20 минутын дотор очих байдлаар шинэчлэн зохион байгуулах, шаардлагатай хөрөнгийг улсын төсвөөс шийдвэрлэх, мөн төр хувийн хэвшлийн түншлэлийн эрхзүйн орчныг хангаж өгөхөд чиглэнэ.  
 
Дөрөв. Бага тойруугийн төвлөрсөн эрх мэдлийг задлахын тулд Засгийн газрын харьяа байгууллагуудыг Хөшигийн хөндийд шилжүүлэн байршуулахаар төлөвлөсөн.
Бага тойруугаас-Хөшигийн хөндийг Дүүжин гүүр болон туннелээр шууд холбож 20 минутийн дотор Төрийн ордны Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх онгоцны буудалд шууд очдог байх юм.
 
Энэхүү холбоос гүүрийг “GoMongolia” буюу Өөдлөн тэмүүлэх Монгол гэж нэрлэнэ. Энэ хуулийн хүрээнд энэхүү гүүрэн байгууламжид Засгийн газрын баталгаа гаргах асуудал хамт орж байгаа гэдгийг хэлье.
 
Тав. Аймгийн төвүүдийг орон нутгийн чанартай хот болгон өөрчлөх, томоохон суурин газруудыг хотын статустай бие даан хөгжүүлэх асуудал энэ хуулийн хүрээнд мөн туссан болно.
 
Энэхүү хууль батлагдсанаар:
-  Дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хүрээнд хөрөнгө оруулалт, татварын таатай орчныг бий болгоно.
-  Тээвэр логистикийн нэгдсэн төвийг байгуулж, хөгжүүлснээр орон нутаг, бүс, олон улсын логистикийг сайжруулна.
-  Орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж, нийслэлээс иргэд шилжин суурьших, төрийн байгууллага, их, дээд сургууль, коллеж, шинжлэх ухааны байгууллагуудыг нүүлгэх нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байна.
 
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Засгийн газраас өргөн барьж буй шинэ хотууд байгуулах, 20 минутын хотын стандартад шилжих эрхзүйн цогц реформыг дэмжиж өгөхийг хүсье.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.74
    2024/05/03

    Энэ нэг л биш ээ. Сонгуулиас өмнө ийм хүмүүсийн синдром хөдөлж ил гарч байгаа нь яамай даа

    Хариулах
  • 66.181.182.94
    2024/05/03

    Яанаа яана яачихаад байгаа юм бэ? үлээж болноо салхи нь ариун байг юун хорин минутын хот гээд донгосоод байгаан бэ? галзуурчээ сонгууль гээд сэтгэц нь өөрчлөгдсөн байнаштээ зөвлөхүүд нь хэлээчээ ингэж ханзарч болдог юм уу? хүрэх ёстой газраа 20 минут яваад очноо гээд байгаа юм уу? ээ чааваас ийм хүн гэж ёстой мэдсэнгүй зүүдэлсэнгүй бодсонгүй санасангүй явлаа арай амьдралд ойрхон зүйлээр попороод өгөөч жишээлбэл авилгачдаа толгой дараалан буудаж дүүжилнэ гэх мэтээр ингэж болохгүй ээ 7 буудлын Должин эмээд 10 ээлжийн бандааш лээвчиг ч юм уу? ингэвэл хөрсөн дээрээ буух гээд байгаа биш үү? аугаа юмаа дэндүү аугаа

    Хариулах